logo
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томиллоо

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томиллоо

2012/08/10
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан зургаа дахь удаагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2012 оны 8 дугаар сарын 9-ний/ 17.12. цагийн орчимд эхэлсэн.
Энэ удаа чуулганы нэгдсэн хуралдаан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болсон учир нь МАН-ын гишүүд чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн явдал байв. Ингээд хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 52 нь ирснээр энэ удаагийн анхдугаар чуулганыг эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хараахан бүрэн эрх нь дуусгавар болоогүй байгаа Ерөнхий сайд С.Батболд нар мөн чуулганы хуралдаанд оролцсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэлснийг мэдэгдэж, ирцийг мөн сонсгосны зэрэгцээ хэлэлцэх асуудлыг гишүүдэд дуулгалаа.
Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин үг хэлэх зөвшөөрөл хүсч, УИХ-ын гишүүдийн амрыг эрээд, анхдугаар чуулганд тангараг өргөснөөс хойш нэг хэсэг хуралдаанд ороогүй гэдгээ хэлж, яагаад гэдгийг тайлбарласан юм. Тэрээр, Ардчилсан Намын бүлэгт хандаж тавиад буй гурван асуудлаа онцолж ярилаа. Тухайлбал, УИХ-ын даргыг томилсон асуудал хууль зөрчсөн, үүнийг хуулийн дагуу болгоё гэдэг хүсэлт тавьсан гэв. Түүнчлэн Өвөрхангай аймгийн тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг сануулсан гээд сонгуулийн саналын дүнг зарим тойрогт хяналтын тооллого хийж баталгаажуулах асуудлаар санал тавьснаа онцолсон юм.
Дараа нь Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг үг хэлсэн. Тэрээр, сонгуулийн тооллого буруу явсан, дахин нягтлах нь зүйтэй гэж нэлээд яригдсан. Манай нам Сонгуулийн ерөнхий хороо автомат машинаа олон нийт, иргэдэд харуулж байгаад санал хураалгаж, саналын дүнг сайтар нягтлуулах нь зүйтэй гэсэн хүсэлт тавьсан. УИХ-ын даргын асуудал хуулийн дагуу явсан, тэгээд ч Үндсэн хуулийн цэц рүү өгсөн байх, бүлэг байгуулах асуудлын тухайд хуулинд юу гэж заасан байна, түүгээр л шийдэх байхаа, МАН-ын гишүүд Ерөнхий сайдын асуудал яригдах үед чуулганд сууна гэж байсан, хүрээд ирлээ. Тэгээд ч бид дотроо энэ танхимдаа орж ирээд хэлэх ярих зүйлээ хэлэлцээд, ойлголцоод явъя гэсэн гэж байлаа.
Ингээд УИХ-ын дарга хэлэлцэх асуудалдаа орох тухай хэлтэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ-ын даргыг сонгох үйл явц хуулийн бус аргаар явсан хэмээгээд, бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Гэхдээ Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтаа дахин явуулахад болохгүй гэх газаргүй, ийм горимын санал гаргаж байна гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, хуулийн дагуу асуудал шийдэгдсэн тул ийм боломжгүй юм гэдгийг хэлж, энэ горимын саналыг мөн хүлээж авах боломжгүйгээ мэдэгдсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хэлэлцэх ёстой энэ асуудалтай холбоотой горимын санал тавьсан бол өөр. Заавал ингэж мугуйдлан өөрсдийнхөөрөө зүтгэдэг асуудлаа болиоч ээ. Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч явуулна. Хэлэлцэх асуудлынхаа хүрээнд л шийдээд явъя, өнгөрсөн хугацаанд төрийн олон ажил цалгардлаа, гацлаа гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, төр, засгийн ажил гацлаа гэнэ, МАН-аас болоогүй. Хотын даргыг бид саатуулаагүй биз дээ. Ерөнхий сайдын асуудлыг өчигдөр та бүхэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, өнөөдөр УИХ-д оруулж ирж байна, хэнээс болж саатсан юм гэх зэргээр нэлээд маргааны байдал руу уур амьсгал хазайх тийшээ болж байв.
Харин энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, түрүүний горимын санал байх уу, үгүй юу гэдэг дээр санал хураах тухай хэлсэн ч УИХ-ын гишүүн С.Баярцогт, асуудал нь үндсэн хэлэлцэх асуудлын дараалалд багтаж ороогүй бол санал энэ талаар хурааж болохгүй гэдгийг тодотгосон юм.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Энхболдын гаргасан саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 81 хувь нь горимын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн
Мөн энэ үеэр МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын бүлэг байгуулсан байсан тухайгаа хэлж, УИХ-ын даргад хандаж, танилцуулгаа уншиж, бичгээ гардуулсан.
Харин УИХ-ын дарга З.Энхболд, бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагт багтаан мэдүүлэх учиртай. Энэ хугацаа нэгэнт өнгөрсөн, тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилж байж цаашид явах боломж бий гэдгийг хэлж байсан.
Ийнхүү гишүүд цаг сунган хуралдсаны эцэст Ерөнхий сайдаар Н.Алтанхягийг томиллоо
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш