Монгол Улс дэлхий дахины жишгийг дагаж шатахууны хомсдолд ороод удаж байна. Улс орнуудын өндөр хөгжлийг дуурайдаггүймаа гэхэд ядаж моданд ороод байгаа шатахууны хомсдолоос яаж хоцрох билээ дээ. Ямар ч гэсэн дэлхий нийттэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг Орос ах нар минь бидэнд олгоод байна. 100 ширхэг шатахуун түгээх станцаа танайд оруулаад ах нар нь бензинээр нь хангаад өгье гэхэд мода дагаж хошуурах дуртай бид чинь юу гэж зөвшөөрөх билээ. Бас зүгээр ч бишээ. Оронд нь манай улсыг улам моданы болгох хэд хэдэн юмыг минь хувааж хэрэглэе гээд байгаа юм гэсэн. Яаж болох вэ дээ. Хүнд хамаг сайхан юмаа өгчихөөд өөрсдөө хоцрогдоод үлдчихвэл арай ч боломгүй юм.
Ард иргэд бид ч яахав дээ, Москвад найтаахад Улаанбаатарт яадаг билээ. Сургаар нь бушуухан байгаа түмпэн сав, хувин сав суулгандаа дүүргэж аваад нөөцлөөд байдаг хэрэг гээд л хэдэн шатахуун түгээгүүрээ хоослоод л нэхээд л байдаг хэрэг. Удахгүй импорлогч компаниасаа биш хөршийнхөө Доржоо ахаас “Ах аа, ганц түмний ундааны саваар бензин авья” гээд бүр амар амар. Хол явахгүй тойроод л бараг айл бүхэн шатахуун түгээгүүр.
Түгээгүүрийг бөглөөд, нөөцийг ховх сороод байгаа тэр айхтар зүйл юу юм болоо гээд л буруутай тэр этгээдийг хайх эрэлдээ зав гаруул мордож, завсар гарвал яриад Монголчууд бид тун их ажилтай байгаа.
“Цаадах чинь сүүхээтэй эр, харанхуй өрөөндөө хоолны саваараа дүүрэн бензин нөөцлөөд үнэ хүрэхээр нь зарах юм гэсэн. Нөгөө Волл стрийт гэдэгт байдаг хэдэн нөхөд тэгэж хэлсэн юм гэнэ билээ. Энэ нөхөр л хамаг бензин банкаараа зөөсөөр байгаад нөөцөлж дууслаа” гэж зарим нэг нь биенээ хардана.
3 дах хөрш Амархааны ах нар /АНУ/, улаан орос , өглөө бүр байгааг нь Их эзэн Чингисдээ сануулж байсан өмнөд хөрш, буурал Европ, Бурхан мэндэлсэн Энэтхэг хүртэл энэ шатахуун, түлшний хомсдол, үнийн өсөлтөд сандралдаж байна.
Дэлхийн түүхий нефть нь 50 жилийн нөөцтэй юм гэнэ. Монгол улс бид тэдэн хоногийн нөөцтэй гэвч тэрэндээ хүрэхээс нь өмнө л борлогдож дуусаад нөөц нь хангаж дийлдэггүй шиг 50-хан жилийн нөөцийг улс орнууд дайн хийгээд ч хамаагүй булаалдаж байгаа болохоор 50 жилдээ хүрэх болов уу яадаг бол. Тэр хүртэл ч шинэ гариг нээгээд харь гаригийн хэдэн нөхдөөсөө л шатахуун импортолдог байх даа. Нэг огторгуй ертөнцөд амьдарч байж битгий нэгнээ ингэж бай гээд л авна даа. Эсвэл хэзээ ч шавхагдашгүй бас нөхөн сэргээгддэг өөр нэг эх үүсвэр олж магадгүй.
Ямар ч байсан үнэ нь өсөөд хомсдоод байгаагийн учир шалтгааны эцсийн зогсоол нь энэ түүхий нефть удахгүй л дуусах юм гэсэн хариулт болж байх шиг байна.
Хавар эхэлсэн энэ синдром хэзээ арилах юм болдоо.
С.Мөнхзул