УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа нэлээд гацаанд орсон боловч ойрын үед харьцангуй жигдэрч байна. Тухайн үед та ямар байр сууринаас хандаж байв?
-Өнгөрсөн хугацаанд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээд хуулийн хүрээнд тасралтгүй ажиллаж байна. Өчигдөр (өнгөрөгч лхагва гариг) Өргөдөл гомдлын байнгын хорооноос бусдыг нь байгуулж дууслаа. Тиймээс УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орлоо гэж ойлгож болно.
МАН-ын хувьд битгий хуралд суу, та нар гар гэж хэн ч хэлээгүй. Өөрсдөө л сайн дураараа яваад байсан хүмүүс. Тэд хуулиар олгогдсон боломжоо алга болгосон. 24 цагийн дотор бүлгээ байгуулах ёстой атал тэгээгүй. Үүнээсээ болоод УИХ-ын дэд даргаа сонгох боломжгүй болчихсон. Хуулинд нэгэнт заачихсан учир хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Харамсалтай байна, одоо УИХ-д 25 сул гишуүн бий болчихлоо.
Ер нь бол хууль бус шаардлага тавьчихаад түүнийгээ биелүүл гэж тулгаад байдаг нь буруу. Энэ бол төрийн түшээ хүнд байж боломгүй зүйл. Тухайлбал, зарим маргаантай тойргийг шийд ч гэх шиг. Энэ бол УИХ, АН-ын шийддэг асуудал биш. СЕХ эсвэл хууль, шүүхийн байгууллага нь шийдэх ёстой. Гэтэл заавал АН шийдэх ёстой, эсвэл АН-аас ямар нэгэн шийдвэр гаргуулах гэж шахаж байгаа нь хууль бус зүйл юм.
Энэ бүхнээс харахад МАН-ыг цаашид сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд явах чадвартай эсэхэд нь эргэлзэж байна. Энэ бүх гаргаж байгаа алдаа нь үргэлж эрх бариад бусдад байр сууриа тулгаж байсны л гай юм.
Бид олон жил сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин гэдэг бол улс орны хөгжлийн төлөө эрх баригчдыг дэмжиж ажиллах ёстой. Харин улс орны эрх ашгийн эсрэг аливаа асуудлыг шүүмжилдэг, таслан зогсоодог. Шаардлагатай бол хуулийн хүрээнд бүх арга хэмжээг авч ажиллаж чаддаг намыг л сөрөг хүчин гэдэг болохоос бус юм болгоныг хараар будаж, үгүйсгэж, устгах гэж оролдож байсан хэсэг бүлэг хүмүүсийг сөрөг хүчин гэдэггүй.
-Байгуулж амжаагүй байгаа Өргөдөл гомдлын байнгын хорооны даргаар хэнийг томилохоор ярьж байгаа вэ?
-Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулахын тулд илүү нарийн дүрэм, журам боловсруулах шаардлагатай. Яагаад гэвэл энэ бол ард түмнийг холбосон ач холбогдол өндөртэй байнгын хороо байх болно. Тиймээс уг байнгын хороог сонгодог утгаар нь байгуулах ёстой гэж үзэж байгаа.
Тиймээс даргын хувьд хэн нэгний нэрийг эцсийн байдлаар яриагүй байгаа. Харин энэ хорооны дарга нь ямар ч байсан АН-ын гишүүн байна.
-Тэгвэл АН-ын УИХ-ын дэд даргаар ямар хүнийг томилох гэж байгаа вэ?
-Энэ асуудал ч мөн эцэслэгдээгүй байна.
-УИХ-аас Ерөнхий сайдыг дөнгөж сая томиллоо. Одоо цаашид Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал яригдана. Ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх бол?
-Юуны өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд хууль орох ёстой. Тэр хууль батлагдаж байж хэдэн яамтай байх, хэн сайд болох тухай асуудал яригдах байх. Одоогоор эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
Гэхдээ ойрын өдрүүдэд МАН-ын зүгээс 20, 30 яамтай болно гэсэн мэдээллийг удаа дараа ярьж байгаа. Үнэн хэрэгтээ тэгж данхайлгах гээд байгаа зүйл огт байхгүй. Засгийн газрын бүтцийг баталж, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны асуудал яригдаагүй байхад асуудлыг ингэж гаргаж байгаа нь МАН-ынхан төрийн ажил хийж байгаагүй юм шиг харагдаж байна. Цаг үеийн шаардлагаар улс орны хөгжлийн асуудлыг шийдээд явъя гэж байгаа бол шийдэх чадвар бүхий бүтцийг бий болгох ёстой. Үүнд ямар нэг тоо их бага байх нь гол биш. Хамгийн гол нь ажиллах чадвартай багийг л бүрдүүлэх ёстой.
-МАН-ынхны зүгээс УИХ-ын даргыг сонгох тухай дахин санал хураая гэж байгаа. 25 гишүүний санал ороогүй учир УИХ-ын өнөөгийн даргыг жаахан сулхан дарга боллоо гэх хүмүүс байна?
-Ер нь МАН-ынхан өөрсдөө ямар хуулийн, ямар заалт зөрчигдсөн гэдгийг хэлж чадахгүй байгаа шүү дээ. УИХ-ын тухай хуульд "Аль нэг нам нь олонхи болоогүй бол хамгийн олон суудал авсан нам нь аль нэг намтай зөвшилцөж, олонхийг бүрдүүлсний үндсэн дээр УИХ-ын даргыг сонгож томилно" гэж заасан байдаг. АН бусад хоёр намтай ярилцаж, олонхио бүрдүүлсэн. Нэг үгээр хэлбэл, тангаргаа өргөсөн 71 гишүүний 46 нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүдийн 60 гаруй хувь нь УИХ-ын үйл ажиллагаандаа оролцоод явж байна. УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийг хийхдээ 57-оос доошгүй гишүүний оролцоотойгоор нээж, цаашид ердийн олонхиор ирц бүрдээд явдаг хуультай. Тиймээс үүнд хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй.
МАН хэрэв бүлгээ байгуулж, албан ёсны завсарлага аваад асуудалд хандаж байсан бол өөр л дөө. Гэтэл бүлэг байгуулаагүй тохиолдолд завсарлага гэдэг ойлголт байхгүй. Бүлэг нь хуулийн дагуу албан ёсны болоогүй байхад хурал хаясан нь эдний хамгийн том алдаа байсан. Ингэснээр тэд өөрсдөө хууль бус байдалд орчихсон.
-УИХ байнгын хороодын дарга нараа томилсон. Гэтэл зарим дарга нараар туршлага багатай хүмүүсийг томилсон гэх шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-УИХ-ын гишүүнийг туршлагатай, туршлагагүй гэдгээр нь ангилах хуулийн заалт байхгүй. Нэгэнт ард түмнээс сонгогдоод, тангаргаа өргөөд ороод ирсэн л бол сонгох, сонгогдох эрхээ эдлээд явах эрхтэй.
Үнэлэлт, дүгнэлт өгөх нь сонгогчдын эрхийн асуудал. Бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд л явах учиртай.
Нөгөө талаас чадварын тухайд ярьж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт эвсэл болсон нам өөрөө хүнээ дэвшүүлээд оруулж ирж байхад бид үгүй гээд сууж байх боломж байгаагүй. Тиймээс хамтарч ажиллах гэрээ байгуулсан хойно дэмжээд явахаас өөр арга байгаагүй.
Т.ГЭРЭЛМАА