logo
Монголчуудыг архи спиртээр хангаж өгье! /хошин өгүүллэг/

Монголчуудыг архи спиртээр хангаж өгье! /хошин өгүүллэг/

2012/08/10
Монголчуудыг архи, спиртээр хангаж өгье! Та энэ үгийг уншаад гайхаж магадгүй. Гэхдээ гайхах хэрэггүй болоод байна. Сүүлийн жилүүдэд архидалт Монгол орныг бүхэлд нь хамарсан тахал болоод удаж байна. Ажилчин даргатайгаа, багш оюутантайгаа, цэрэг генералтай, гэмт хэрэгтэн хууль сахиулагчтай, шагчин цагдаатай, манаач хулгайчтайгаа, нөхөр нь авгайтайгаа нийлэн архидаж, архи уудаггүй хүнийг, хүний тооноос хасах дээрээ тулаад байна. “Архидалттай тэмцэх” хууль гаргасан Багабанди Ерөнхийлөгчийн үед ХЗДХЯ мөн л архидалтын эсрэг янз бүрийн аргаар тэмцсэн. Тэмцэл хийсээр удаж байна. Гэвч энэ нь зогсох гэж байгаа морьтой хүн жолоогоо татах биш ташуур өгөхтэй адил явдал болоод байна.Үүнийг батлах жишээ олон. Шөнийн 00 цагаас хойш архи зарж болохгүй гэсэн зарлигийг шагчид инээд алдсаар хүлээн авсан! Шөнийн дэлгүүр архи зарахгүй болохоор шагчдад ногоон гэрэл асаж, ашгийн хур буусан хэрэг. Шагчид хэрэглэгчээ хаанд өргөмжлөөд, ирсэн хэнийг ч бол гоц мөргүүлэхгүй гэж бэлтгэлээ сайтар хангаад, тэр хавиар эргэлддэг хэдэн цагдаад өгөх нэг юм тусад нь бэлдээд өөр чирэгдэлгүй болж эрх чөлөө мандтугай! хэмээн дуу аялан ажлаа хийсээр л…

Нөгөө нэг жишээ нь архины сурталчилгааг хаасан явдал. Хуурамч архи үйлдвэрлэгчид энэ хуулийг “Азны Коля!” гэж чанга гэгч хашгиран хүлээж авсан нь мэдээж. Ард түмэн сайн үйлдвэрийн чанартай архи, эсвэл хулхи үйлдвэрийн чанаргүй архины тухай тэр нь энэ нь гэх мэдээлэл байхүй болсон болохоор хонь л бол хонь гэдэг шиг бодно. Хуурамч архи ямар ч архитай суудал зэрэгцэн ханхалзаж харин ч “энэ нь хямдхан юм уу” гэсэн магтаалыг толгой нь эргэсэн худалдан авагчаас авдаг болж.

Бас болоогүй хил гаалиар архи спирт оруулахыг хориглосон нь таван үг солиод л ах дүү, анд нөхөд болдог эвсэг хэдэн монголчуудын ёстой нэг загатнасан газар нь маажаад өгсөн аж. Бүр бурхангүй газрын бумба галзуурна гэгч болжээ. Хил гаалиар архи спирт оруулж болохгүй гэдгийг нууцаар оруулж болно гэж хувиргаад эрх мэдэлтний нууц наймаа, мөнгө олох шинэ үүд хаалгыг нээж өгсөн алтан боломж болоод байна. Түүгээр ч зогсохгүй юмыг яаж мэдэхэв, хэн нэгэн хэнхэг нохой алтан хошуу өргөчих юм бол шатах нигуур ихтэй гэж болгоомжилсон спирт зөөгчид хиншүү бага ханхлуулах үүднээс хамгийн хямдаас нь авдаг гэнэ. Гэтэл нөгөөх нь уух биш цэвэрлэгээний зориулалттай, хүний биед хортойгоос гадна, улам донтуулдаг учраас эцсийн дүнд хаан хэрэглэгч боол болж, хужирссан мал шиг шиншилж явдаг доншууч болон хувирдаг байна.

Хууль тогтоомж гаргалаа ч тэр нь амьдралд даанч нийцэхгүй байгаад л гол учир оршино. Өөрөөр хэлбэл архичинтай биш архитай тэмцээд байгаа нь л буруу юм. Манай урд хөршид захын дэлгүүр хоолны газарт архи пиво чөлөөтэй зардаг бөгөөд шар айргийг хаана ч ууж болдгийг хилийн дээс алхсан хүн бүхэн мэднэ. Гэтэл тэнд архидалт бараг байхгүй гэж хэлж болохоор байдаг. Шар айраг хэдийгээр согтууруулах ундааны төрөл мөн боловч амны цангаа гаргаж, ундааны зориулалтаар гадаад орнуудад хэрэглэдэг байтал манайд тас хориглоно. Бараг л пивоны лааз барьж яваа хүнийг торгох шахдаг. Нөгөө архидалт, архинд донтох нь дээд цэгтээ хүрээд байдаг. Одоо яах вэ? Энэ чигээрээ яваад архичдаа нэмээд л байх уу?! Эрүүлжүүлэхийн орлогоороо төсвөө бүрдүүлэх үү?! Аль эсвэл бүх ард түмнээ архичин болгон Багахангай руу ачуулчихаад хятад иргэдийг оруулж ирж улсаа хөгжүүлэх үү?! Хууль бус наймаагаар баяжсан төрд хэрэгтэй зайрангуудаа Их хуралд нэр дэвшүүлсээр л байх уу?! гэх мэт асуулт Монголоо гэсэн хүн бүхний сэтгэлээс огшиж хариу нэхсээр байна.

Олон юм нуршилгүй хэлэхэд энэ бүхнээс салах ганцхан зам байна. Хориглосон хууль тогтоомж, хатуу цайз, сэлэмний ирээр номхруулах гэж мунхаглан зүтгэхээ больё. Зүгээр л архи спиртээ хангалттай, ус далай мэт элбэг болгоё. Тэгээд архитай тэмцэх биш архичинтай ажиллая. Хүний толгой, оюун ухаанд бага ч гэсэн юм хийхийн төлөө тэмцэцгээе. Архи спиртээр ард түмнээ цатгая!

Д.Жаргалсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш