logo
Хагас дамжуулагч чипийн дизайны салбарыг хөгжүүлэх салбарын талаар санал солилцов

Хагас дамжуулагч чипийн дизайны салбарыг хөгжүүлэх салбарын талаар санал солилцов

2012/08/11
УИХ-ын дарга З.Энхболд Токиогийн Их сургуулийн судалгаа, сургалтын төвийн /VDEC/ захирал Асада Кунихирог наймдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хагас дамжуулагч чипийн дизайны салбарыг Монголд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ чиглэлээр хамтарсан судалгаа хийх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, цаашид брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, гадны захиалгат ажлыг тасралтгүй хүлээн авах боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн Японы судалгаа, сургалтын төвтэй адил төстэй үйл ажиллагаа явуулах сургалт, эрдэм шинжилгээний төвийг МУИС-ийн дэргэд байгуулааар төлөвлөж буйг УИХ-ын дарга хэлээд, тус төвд зарцуулагдах хөрөнгө , бүтээгдэхүүний зах зээлийн борлуулалт, менежментийн талаар харилцан санал солилцов.
Монголд чип дизайны салбарыг хөгжүүлэх боломж байгаа төдийгүй цахилгааны инженер хүний хувьд ч энэ салбарыг дэмжиж байгаагаа УИХ-ын дарга хэлээд, Монгол Улсын хөгжил зөвхөн байгалийн баялаг дээр тулгуурлах бус оюуны мэдлэг шингэсэн ажлыг дэмжиж бодлогоор хөгжүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэв. Чип дизайны салбарыг хөгжүүлэхэд хоёр тал хамтарч харилцан туршлага солилцож ажиллах нь аль аль талдаа ашиг тустай болохыг мөн тэрээр онцлоод, энэ салбарт японы туршлага хэрэгтэйг хэллээ.
Мөн бусад улсад байхгүй зүйлээр Монгол, Япон улс харилцан ашигтай хамтарч ажиллах, зах зээлд өрсөлдөх нь чухал болохыг УИХ-ын дарга тэмдэглээд Японы “Softbank”, Монголын “Ньюком” компаниудын амжилттай хэрэгжүүлж байгаа нар, салхины энергийг ашиглан Азид эрчим хүч экспортлох төслийг жишээ болгон ярилаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш