logo
Үндэсний хөрөнгө оруулагчдад хандан уриалга гаргалаа

Үндэсний хөрөнгө оруулагчдад хандан уриалга гаргалаа

2012/08/11
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, Дархан-Уул аймгийн АОЭХ, МҮЭХ, Дархан-Уул аймгийн ҮЭХ-ноос хамтран Төрийн ордны хуралдааны Г танхимд наймдугаар сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэд Дархан -Уул аймагт үйлдвэрлэл хэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилгоор Төмөрлөг боловсруулах үйлдвэр барьж байгуулахад үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компаниудыг хөрөнгө оруулалт хийхийг нээлттэй зарлан, тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст хандан саналаа ирүүлэхийг хүсэж байгаагаа сэтгүүлчдээр дамжуулан улс орон даяар уриалж байгаа аж.
Улс орны хөгжлийн тулах цэгийн нэг, үйлдвэрлэлийн суурь бааз болсон Дархан хотод төмөрлөг боловсруулах үйлдвэр байгуулахаар олон хөтөлбөр, төсөл дэвшүүлсэн боловч өнөөдөр нүдэнд харагдах, гарт баригдахуйц үр дүнд хүрээгүй байгаагийн гол шалтгаан нь тэдгээр төсөл, хөтөлбөр төр, засгийн байгууллага, зарим судлаачдын ширээ, шүүгээнд дарагдаж, олон нийтэд, ялангуяа бүтээн байгуулагч, бизнесийнхэн, ажил хэрэгч хүмүүст хүрэхгүй, ил тод бус байгаатай холбоотой юм гэж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдлээ. “Бидний туйлын зорилго бол энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүүдийн ашиг сонирхол мөргөлддөг тул тал талдаа хийж буй маш олон ажлыг нэгтгэн цогц болгоход ард иргэдийнхээ тус дэмийг авч, эх орныхоо хөгжилд нэмэр болох явдал юм” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Дээрх уриалагыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил хэрэгч саналыг есдүгээр сарын 10 хүртэл хүлээн авч мөн сарын дундуур Дархан-Уул аймагт зохион байгуулах “Төмөрлөгийн боловсруулах үйлдвэр-Дархан-Сэлэнгэ” сэдэвт форумаар ард иргэдийн оролцоотойгоор хэлэлцэхээр төлөвлөжээ. Форумд оролцогчид төмөрлөгийн үйлдвэр байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, оновчтой төсөл, хөтөлбөр шалгаруулах бодлого, чиглэлийг тогтоох, орон нутгийн төр, захиргааны байгууллагын байр суурийг тодорхой болгох, иргэд, олон нийтээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцох, хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ зорилгоор эзэд, эздийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, татвар төлөгчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төлөөлөө өргөн хүрээтэй оролцуулахыг урьж байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш