logo
Өрнөдийнхөн Башар Асадыг “Хоёр дахь Саддам” болгох гэж байна

Өрнөдийнхөн Башар Асадыг “Хоёр дахь Саддам” болгох гэж байна

2012/08/13
Оросын “Комсомольская Правда” сонины нийтлэлийг хүргэж байна.

Өрнөдийнхөн саяхан л Сирийн төрийн тэргүүнд гарахыг ятгаж байсан хүнээ яагаад “Хоёр дахь Саддам” болгохоор тэмүүлж эхлэв.

Ахмад Асадын дайн ба энх
Дэлхий ертөнц дахиад л хуваагдаж эхлэв. “Нөхцөл байдлыг Сирийн ард түмний эрх ашигт нийцүүлэн өөрчлөх цорын ганц арга бол Башар Асад огцрох явдал” хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч хэлж сууна. Чухам яагаад ингэх болов. Башар Асад гэж хэн бэ. Дамаскийн шинэ “Саддам” юм уу.
Ерөнхийлөгч Асад эцэг Хафез Асадтайгаа огтхон ч адилгүй. Түүний эцэг төрийн тэргүүн байх үед 1982 оны хоёрдугаар сард “Ах дүү мусульманчууд” (Тэд одоо ч засгийг эсэргүүцэгч хэвээр байгаа) хэмээх хөдөлгөөн өрнөсөн. Энэ үеэр Сирийн арми Хама хотод агаарын цохилт үзүүлсний улмаас 20-40 мянган хүн амиа алдаж, хотын тэн хагас нь эвдэрч сүйрсэн билээ. Тухайн үед дэлхий дахин огт өөр асуудалтай байсан юм.
Ахмад Асадын амьдралын замнал Муаммар Каддафийн засгийн эрхэнд гарч байсантай нэлээд төстэй. Хафез Асад олон хүүхэдтэй ядуу тариачныд төрсөн бөгөөд өөрөө бүхнийг бүтээж, цэргийн томоохон хүчин болсон. Ингээд Арабын ертөнцөд өрнөсөн улстөрийн нөлөөгөөр цэргийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарч ирсэн. Тухайн үед Египет, Ливи, Ирак, Сири зэрэг оронд ийм эргэлт гарсан юм. Эдгээр орон, ялангуяа Сири улс ЗХУ-тай нягт холбоо тогтоож, цэргүүдээ Орост бэлтгэж, зэвсэг техникээр хангаж байсан билээ.
1980 оны 10 дугаар сард Сири улс руу гадныхан халдан орсон тохиолдолд цэргийн тусламж үзүүлнэ гэсэн гэрээг ЗХУ-тай байгуулж байв.

Нүдний эмч төрийн тэргүүн болов
Башар Асад 1988 онд Дамаскийн их сургуулийн анагаахын факультетийг нүдний эмч мэргэжлээр дүүргэжээ. Сонирхолтой нь түүний аав Хафез Асад ч залуудаа эмч болохыг хүсдэг байсан гэнэ. Гэвч үнэгүй сурдаг болохоор нь цэргийн сургуульд орсон аж.
Ингээд гурван жилийн дараа буюу 1991 онд Башар Их Британи руу нууцаар явж, Лондоны Гэгээн Мариягийн “Western Eye Hospital” нүдний төвд ажиллах болжээ. Гэтэл эцгийнх нь залгамж халааг авахаар бэлтгэгдэж байсан түүний ах Басель 1994 онд автомашины ослоор өөд болж, аав нь зүрхний шигдээс туссанаар Башарын хувь заяа эрс өөрчлөгдсөн байна. Гэр бүл нь түүнийг дуудсан тул тэр татгалзаж чадсангүй.
Ингээд Башар Хомс хотын цэргийн сургуульд элсэж, танкны ангийн ахмад цолтойгоор төгсчээ. 1999 онд тэрбээр танкны дивизийн жанжин, командлагч болсон байв. Арми түүнийг хүлээн авах бүхий л нөхцөлийг урьдаар хангасан гэсэн үг.
Башарын эцэг 2000 оны долоодугаар сарын 10-нд өөд болж, үүний дараахан Асадыг Сирийн Ерөнхийлөгчөөр томилох тухай бүх ардын санал асуулга явагджээ. Энэ үеэр Башар сонгогчдын 97.29 хувийн саналыг авсан байна. Үүнээс гадна дэлхийн томоохон гүрнүүд, тус улсын эрх баригчдын бүрэн дэмжлэгтэйгээр тэрбээр Сирийг удирдах эрхтэй болжээ.
Башар Асад сири түмний Ерөнхийлөгч болохын тулд авлигатай тэмцэж, Ерөнхий сайд гээд бүхий л эсэр­гүүцэгчдээсээ салж чадав. Түүнчлэн Сирийн эртнээс хүндэтгэж ирсэн овог аймгаас Асма аль-Ахрас хэмээх суннит бүсгүйг сонгож, эхнэрээ болгожээ. Тэгээд ч тус улсын хүн амын 80-аад хувь нь суннит мусульманууд байдаг аж.
Харин Ерөнхийлөгчийн төрлийнхөн хүн амын 15 орчим хувийг бүрдүүлдэг мусульман-алавитууд юм байна. Алавитууд нь эрх баригч Арабын социалист “Баас” нам, мөн Сирийн зэвсэгт хүчинд өндөр алба хашдаг бол аж үйлдвэр, бизнесийнхэн ихэвчлэн суннитууд байдаг аж.

Ардчиллыг цогцлоосон нь
Бага Асад Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан эрх баригч “Баас” намд огтхон ч хамааралгүй намынхан анх удаа парламентад орж ирж, Засгийн газар дахь цэргийн боловсон хүчнүүд энгийн сайд нараар солигдож эхэлсэн юм. Олон намын тогтолцоотой болсон, онцгой байдлыг зогсоосон зэрэг олон ардчилсан шинэчлэлийг Асад хөтөлбөртөө тусгаж ажиллажээ.
Гэвч өдгөө Ерөнхийлөгчийг унагах зорилготой хүмүүст энэ нь сонин биш байгаа бололтой.
ХХ зууны Арабын социалист хувьсгалыг эхлүүлэгч “их дөрвөл”-өөс өдгөө зөвхөн Башар Асад л үлдээд буй. Тэгэхээр түүн дээр хамаг хар үүл овоорсон гэсэн үг. Их дөрвөлөөс Саддамыг дүүжилж, Каддафийг хөнөөсөн бол Мубарак бүх насаараа хоригдох, эсвэл цаазлуулахын ирмэг дээр ирээд байгаа.
Тэгвэл Башар Асадыг унагахад тусалж буй нөхөд нь тухайн үед түүнийг Сирийн засгийн эрхэнд гарахыг ятгаж байсан өнөөх өрнөдийнхөн юм. Эдгээр орны төлөөлөгчид Хафез Асадын хүү дээр ирж, өрнөдийнхөн түүнийг төрийн тэргүүнээр ажиллахыг бүрэн дэмжиж байна хэмээн итгүүлж, ятгаж байсан билээ.
Гэтэл Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оростой цэрэг, улстөрийн хамтын ажиллагаагаа дахин сэргээснээс хойш өрнөдийнхөн түүнийг шүүмжилж, хүчтэй эсэргүүцэж эхэлжээ. Мөн Сири улс Эдийн засгийн нэгдсэн орон зайд Орос, Казахстан, Беларусь зэрэг орнуудтай хамт нэгдэх хэлэлцээр хийсний дараахан Сирийн хотуудад бослого дэгдсэн. Энэ чинь жинхэнэ давхцал биш гэж үү.

Өрнөдийнхнөөр тэжээлгэсэн лалынхан
Асадтай дайтаж буй босогчид, хөлсний ажилчид бүгд мөнгөний төлөө ажиллаагүй. Энд өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс өчнөөн бий. Тэдний олонх нь өрнөдийнхнөөр тэжээлгэж байгаагаа ч мэддэггүй бөгөөд өөрсдөө тэднийг үзэн яддаг байх жишээтэй.
Хээрийн командлагчдын хувьд (Асадаас зугтаасан хүчнийхэн) өөрсдийн гэсэн асуудал бий. Хэрвээ Асадын дэглэм уначихвал тэд гав, дөнгөгүй эх орондоо ирнэ гэж тооцоолжээ. Өрнөдийнхөн ч гэсэн хүндхэн асуудалтай тулгараад байгаа юм. Тухайлбал, босогчид, цэргийнхэн тэднээс мөнгө, зэвсгийг дуртайяа авч буй ч тэдний гарын аясаар хөдлөх нь бас л эргэлзээтэй. Эцэст нь дээд давхарга буюу улстөрчид бүгд л өмнөх дэглэмээс цэвэрлэгдсэн шинэ Сири улсын засаг захиргаанаас хэрчим бялуу олоод хүртчих санаатай суугаа. Мэдээж тэд аль эртнээс өрнөдөөр “тэжээлгэж” эхэлсэн бөгөөд тэднийг спонсорууддаа дуулгавартай “зарагддаг” улстөрийн элит болгохоор тэжээсээр байна.
Хэрвээ өрнөдийнхний санаснаас Башар Асадын дэглэм унавал хүн бүр хүссэнээ олж авна. Улстөрчид засгийн эрхийг, командлагчид алдар нэрийг, энгийн цэргүүд медаль, хүндэт оршуулгыг гэх мэт.


Уг мэдээнд сэтгэгдэл авах боломжгүй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш