logo
Инфляцийг барьж чадахгүй байгаад хэн буруутай вэ?

Инфляцийг барьж чадахгүй байгаад хэн буруутай вэ?

2012/08/13
Монголчууд инфляцид дарлуулж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эдийн засагт инфляци гэж нэрлэдэг. Манай улсын эдийн засгийн жаахан өсөлт нь инфляцид идэгдээд “тэг” болчихлоо. Инфляци өндөр байгаа учраас иргэдийн гар дээр очиж буй мөнгө юм болохгүй байна. Инфляци өндөр байгаа учраас зээл олдохгүй байна. Инфляци өндөр байгаа уччраас бондын зах зээл ашиггүй болчихоод байна...

Хамгийн сүүлийн үеийн Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны долоодугаар сард инфляци өмнөх сарынхаас 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 10.4, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр жилийн инфляци улсын хэмжээнд 15.3 хувьд хүрсэн байна.

Энэ бол дундаж үзүүлэлт. Судлаачид зарим бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн талаар судалгаа гаргасан байна. Тодруулбал, өнгөрсөн жил төлөг 30.000 төгрөг байсан бол энэ жил 60.000 мянган төгрөгөөр олдох­гүй байна. Өөрөөр хэлбэл, энэ жишээн дээр инфляци 50 хувьд хүрчихээд байна.

Монголбанкны хувьд инфляцийг хазаарлаж барих арга хэрэгсэл нь ганцхан бодлогын хүү болчихлоо. Төвбанк бодлогын хүүгээ хамгийн сүүлд 0,5 нэгжээр нэмсэн. Мөн арилжааны банкны заавал байлгах нөөцийн хэмжээг ч нэмэгдүүлэхээр боллоо. Тус арга хэмжээг өнөөдрийн нөхцөл байдалд Монголбанк хангалттай гэж үзсэн бололтой. Гэхдээ инфляци өсөхгүй гэсэн баталгаа алга.

Манай эдийн засаг эрчимтэй тэлж байна. Ийм үед инфляцийг бодлогын хүүгээр намнадаг цаг өнгөрсөн. Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогын арга хэрэгсэл өөр байх ёстой гэж тайлбарлах хүмүүс олон байна.

Инфляци үүсч байгаа шалтгааныг эдийн засгийн онолоороо хоёр талтай гэж үздэг аж. Нэг нь эрэлт нөгөө нь нийлүүлэлт. Нийлүүлэлтийн бодит шокуудаас үүдэлтэй инфляци бий болж байна. Одоогийн мөнгөний бодлогын хэрэгсэл бол эрэлтийг хааж байгаа юм. Энэ нь зах зээлд нийлүүлэгдэж буй мөнгөний амны уутыг боож байна гэсэн үг. Бодлогын хүүгээр мөнгөний хэмжээг багасгаж, инфляцийг барина гэж үзэж болох юм. Гэхдээ эрэлтээс үүдэлтэй инфляцийг мөнгөний бодлогоор барьж чадахгүй.

Цалингийн нэмэгдэл, бэлэн мөнгөний амлалт эргээд эрэлтийн инфляцийг өдөөж байгаа ч зах зээлийн эмзэг байдлыг зарим хүмүүс ашиглаад хувийн тоглолт хийгээд байгаа нь инфляци өсөх хамгийн гол шалтгаан болоод байгааг судлаачид хэлдэг. Тухайлбал, махны асуудал байна. Цэвэр нийлүүлэлтээс хамаарсан учраас жил бүрийн хавар махны үнэ өсч, инфляцийг хөөрөгддөг. Эдийн засагт бодитой үүсч буй эрэлт бол махны хомсдол, шатахууны үнийн өндөр өсөлт. Тэгэхээр эдийн засагт бодитой шалтгаанаар бий болж байгаа инфляцид мөнгөний бодлого явуулаад үр ашиггүй. Тиймээс инфляцийн шалтгааныг эрэлт, нийлүүлэлтийн талдаа хэдэн хувьтай байгааг ялгаж салгах хэрэгтэй.

Нийлүүлэлтийн бодит шалтгааныг арилгах нь Төвбанкны үүрэг бус. Харин Засгийн газрын шийдэх асуудал. Мөнгөний бодлогоос үл хамаарсан зах зээлийн гажуудал байна. Үүнийг л Засгийн газар зохицуулах ёстой. Хавар махны хомсдолгүй байх үүргийг Засгийн газар хариуцна. Засгийн газар, Төвбанк хоорондоо тохиролцох ёстой. Нэгдсэн зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэдгийг судлаачид хэлдэг.

Энэ талаар СЭЗДС-ийн багш, эдийн засагч А.Батсүх “Төвбанк барааны хомсдолтой эдийн засагт мөнгө нийлүүлж, улам бүр хомсдол үүсгэж, инфляцийг хөөрөгдөхөөс сэрэмжлээд эрэлтийн талыг хаасан шийдвэр гаргасан. Эцсийн дүндээ хоорондоо бодлогын чиг зорилгоо нэгтгэж, зөвшилцөх л ёстой. Түүнээс нэг нь тараадаг, нөгөө нь хумьдаг бодлого явуулаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүнийг ойрын дөрвөн жилийн үйл явдал тод харууллаа” гэж байсан.

Манайх шиг төр нь амлалтаа биелүүлэхийн төлөө явдаг оронд мөнгө шаардлагатай. Үүнийг хангахын тулд бэлэн мөнгө хэвлээд зах зээлийн эрэлтийг хангачихаж болно. Ийм хэмжээний мөнгө зах зээлд ороод ирэхэд эсрэг талд нь бодит үйлдвэрлэл өсөөгүй учраас шууд үнийн хөөрөгдөл бий болчихсон.

Есдүгээр сараас инфляци нэмэгдэж магадгүй. Өмнөх 2008 оны сонгуулийн дараа долоо, наймдугаар сард инфляци тогтвортой байсан. Ер нь сонгуулийн өмнө Засгийн газар бүхий л үнийг нь барьж болох бараа бүтээгдэхүүний өсөлтийг торгоож тогтоосон байдаг. Одоо Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэхээс инфляцийн дүр зураг тодорхой болно.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш