logo
Мохаммед Морси

Мохаммед Морси "зоригтой" шийдвэр гаргалаа

2012/08/14
Ням гаригт Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси батлан хамгаалахын сайд Хуссэйн Тантавиг албан тушаалаас нь огцруулах тушаал гаргажээ. Энэ нь түүний ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гаргасан хамгийн зоригтой шийдвэрт тооцогдож байна. Учир нь Тантави Египетийн төрийн эрхийг барьж байсан цэргийн зөвлөлийг тэргүүлдэг байсан бөгөөд ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хасаад байсан билээ.
Зургадугаар сарын 30-наас хойш Морси болон цэргийн эрх мэдэлтнүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөн гэхэд болно. Гэхдээ Синайд болсон халдлагын дараа Морси генералуудын эсрэг илүү шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн юм. Тэрээр хэдэн өдрийн өмнө тагнуулын газрын даргыг огцруулсан бөгөөд телевизээр мэдэгдэл хийх үеэрээ өөрийгөө зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн зарлажээ. Гэхдээ Морсигийн гэнэтийн шийдвэрүүдийг цэргийн эрх мэдэлтнүүд бүрэн хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Тэрээр шийдвэрүүдээ зарлахаас өмнө ард түмэндээ хандан сорилт бэрхшээлүүд байгаа ч өөрийг нь дэмжихийг уриалжээ. Морси мэдэгдэхдээ "Өнөөдрийн шийдвэрүүд нь тодорхой хүмүүст чиглэгдээгүй. Эсвэл аль нэг бүлэг эвслийг хүнд байдалд оруулах зорилгогүй" гэсэн байна. Мөн тэрээр Синайд явуулж байгаа ажиллагаа гэмгүй номхон иргэдэд ямар ч халгүй, халдлага үйлдэгчид, гэмт этгээдүүдийг зогсоох зорилготой гэдгийг онцолжээ.
Шөнө болсны дараа Каир хотын Тахрирын талбайд ерөнхийлөгч Морсиг дэмжигчид цуглацгаажээ. Хэрэв Морсигийн шийдвэрийг цэргийнхэн эсэргүүцэхгүй бол Египетэд 1952 онд гарсан цэргийн эргэлтээс хойш 60 жил үргэлжилсэн цэргийн дэглэм эцэс болох юм. Гэхдээ Хуссэйн Тантавиг огцрууллаа гээд Египетийн цэргийн эрх мэдэлтнүүд зайгаа тавьж өгнө гэсэн үг биш юм.
Лалын ахан дүүс буюу фундаменталист, исламист бүлгийнхэн Египетийн орчин үеийн түүхэнд анх удаа чөлөөт, шударга байдлаар зохион байгуулагдсан гэж үзэж байгаа парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Энэ бүлгийнхэн Мубаракийн үед хавчлага шахалтан доор амьдардаг байжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш