logo
ЕБС-ийн дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгоно

ЕБС-ийн дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгоно

2012/08/14
ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгож буй талаар Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс тодрууллаа.

-ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгосон гэсэн үү?
-Ер нь Боловсролын тухай хуулийн 17.3-т "ЕБС-ийн суралцагч дүрэмт хувцастай байна" хэмээн заасан байдаг. Энэ жил уг хууль шинэчлэгдэхдээ аймаг, дүүргийн ЕБС-ийн сурагчдын нэгдсэн загварыг аймаг, Нийслэлийн боловсролын газар батлахаар зааж өөрчилсөн. Урьд нь бол тухайн сургуулийн удирдах зөвлөл нь дүрэмт хувцасны загвараа зааж өгдөг байсан юм. БСШУЯ-аас бага болон суурь, бүрэн дунд боловсролын төвшинд суралцагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн загвартай болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, сурагчдын дүрэмт хувцасны материалын нэгдсэн стандарт гэж байдаг. Энэ стандартыг зайлшгүй мөрдөх ёстой гэж үзэж байна. Гуравт, монгол хүүхдийн биеийн нэгдсэн стандартын хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг хэчнээн компани байдаг вэ. Тэд дүрэмт хувцасны хэрэгцээг бүрэн хангаж чаддаг уу?

-Дээрх гурван стандартыг мөрдөхгүй байгаагаас болж эрэлт, нийлүүлэлтийн тал дээр цэвэр бизнесийн асуудал үүсээд байна. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс дүрэмт хувцасны талаар олон гомдол чирэгдэл гардаг. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэж, импортолдог арай гайгүй гэсэн "АМНО", "Их шаглаа", "Бат зүү", "Цэн трейд", "Ноён аз", "Төмөр трейд", "Энх зүү" зэрэг арав гаруй үндэсний үйлдвэрлэгч компаниуд байдаг. Эдгээр компаниуд бид дүрэмт хувцсыг өөрсдөө хийдэг, урд хөршөөс оруулж ирдэг гэх зэргээр янз бүрээр л ярьдаг. Гэхдээ ямар ч байсан эдгээр компаниуд чинь үйлдвэртэй. Тиймээс арай хариуцлагатай байдаг. Нэг үгээр, хэлбэл хариуцах эзэнтэй гэж хэлж болно. Гэтэл эдгээр үйлдвэрүүд Монголын зах зээлд хэрэгцээтэй байгаа хувцасны зөвхөн 13 орчим хувийг нь хангах хүчин чадалтай байдаг. Үлдсэн хүмүүс ямар арга замаар дүрэмт хувцастай болж байна гэхээр хувь хүнээс л чанартай, чанаргүй хувцас худалдан авч байгаа. Тэр нь ямар ч стандарт шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой.

-Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэн гаргадаг дүрэмт хувцаснууд стандарт шаардлага хангаж чаддаг юм уу?
-Эдгээр компаниудын 71.4 хувь нь үйлдвэрлэл явуулах ажлын байргүй, мэргэжлийн загвар зохион бүтээгч, технологич, оёдолчин байхгүй, дүрэмт хувцасны материалын бүтцийг лабораторийн шинжилгээнд огт хамруулдаггүй зэрэг зөрчлүүд байна гэсэн дүгнэлтийг НМХГ-аас удаа дараа гаргаж өгч байсан. Үндэсний гэх үйлдвэрүүд нь ингэж хэл ам таталж байхад, хувь хүний хийсэн хувцас нэг жил өмсөөд дараа жил нь өмсөх аргагүй болдог гэх асуудал бол байхаас аргагүй хэрэг болоод байна.

-Энэ хичээлийн жилд дээрх стандартуудыг мөрдүүлэх үү?
-Энэ жилдээ бол тийм асуудал байхгүй. Урьд жилүүдэд дүрэмт хувцасны асуудлыг яаж шийдэж байсан тэр байдлаараа л шийдэх байх. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид нь сургуулийн удирдлагуудтай, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг авсан байдлаар гэрээ хийж дүрэмт хувцас нийлүүлнэ гэсэн үг. Харин дараа жилээс буюу 2013-2014 оны хичээлийн жилд ЕБС-ийн дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгоно.

-Бүх сургуулийн дүрэмт хувцас нэг загвартай байх уу, эсвэл аймаг, дүүргээрээ өөр хувцастай байх уу?
-Одоо энэ талаар яг яригдаж байгаа. Гэхдээ аливаа юмны зүй тогтол гэж байдаг шүү дээ. Үүний нэгэн адил ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны асуудал нэгдсэн нэг зүй тогтолд орох болов уу гэсэн бодолтой байна.

-Хувцас үйлдвэрлэгч компаниудыг яаж шийдэх вэ?
-Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг нэгдсэн нэг стандартыг яг мөрдөхөөс өөр аргагүй болгож өгнө. Тиймээс одоо зөвхөн үнэ, загвараараа өрсөлдөж байгаа компаниудын хажуугаар цоо шинэ үйлдвэрлэгчид орж ирэх боломж бий болох юм. Ер нь нэгдсэн стандарт мөрдөгдөж эхлэх үед чанаргүй хувцас үйлдвэрлэх тохиолдолд үгүй болох, эргээд хариуцлага тооцоход ч амар болно гэсэн үг.

Ж.Отгонмягмар 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш