logo
Андерс Брэйвикийн халдлагыг таслан зогсоох боломжтой байсан уу?

Андерс Брэйвикийн халдлагыг таслан зогсоох боломжтой байсан уу?

2012/08/15
Өнгөрсөн онд Норвегийн цагдаа нар Андерс Брэйвикийн үйлдсэн цуст халдлагаас сэргийлэх боломжтой байсан талаар нэгэн бие даасан комиссийн гишүүд мэдээлжээ. 33 настай Брэйвик Осло хот дахь засгийн газрын барилгад бөмбөг дэлбэлснийхээ дараа Утояа арал дээр арга хэмжээнд оролцож байсан хүмүүс рүү гал нээж, нийтдээ 77 хүний аминд хүрснээ хүлээсэн. Түүний гарт амиа алдсан хүмүүсийн талаас илүү нь өсвөр насныхан байсан юм.
Цагдаа нар хурдан арга хэмжээ авсан бол Брэйвикийн хоёр дахь халдлагыг цаг алдалгүй зогсоож болох байсан хэмээн 500 хуудас тайланд онцолсон байна. "Долдугаар сарын 22" нэртэй комиссийн тэргүүн Александра Беч тайланг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ "Цагдаа нар Утояа арал дээрх хүмүүсийг хамгаалж чадаагүй. Тэд илүү хурдан арга хэмжээ авч болох байсан. Өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд гэмт хэрэгтнийг цаг алдалгүй зогсоох ёстой байсан" гэсэн байна.
Холбоо харилцааны систем  доголдсон, даац хэтрүүлсний улмаас терроризмтой тэмцэх хэлтсийн цагдаа нарын сууж явсан завь эвдэрсэн зэрэг олон алдаа дутагдлаас болж цагдаа нар цаг алдсан тухай тайланд мөн тусгасан байна.  Брэйвикийн үйлдсэн халдлагын үеэр цагдаагийн нисдэг тэргийг ашиглаагүй юм байна. Учир нь нисдэг тэрэгний багийнхан амарч байжээ.
Брэйвик Утояа арал дээр гал нээж эхэлснээс хойш цаг гаруйн дараа цагдаа нар ирж, түүнийг зогсоосон юм. Тэрээр арал дээр ирэхээсээ өмнө Осло хот дахь засгийн газрын барилгын гадна тэсрэх бөмбөг бүхий машиныг тавьжээ. Аюулгүй байдлын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, үзлэг шалгалт хийсэн бол тэсрэх бөмбөгийг илрүүлж болох байсан хэмээн "Долдугаар сарын 22" комиссийн тайланд бичжээ. Уг нь засгийн газрын барилгын өмнөх гудамжийг хаах төлөвлөгөөг  2010 баталсан байна. Гэхдээ хаалт хашлага хийх ажлыг дуусгаагүй гэнэ. Мөн тухайн хэсэгт машин зогсоолд тавихыг хориглосон хоригийг зөрчих нь элбэг байжээ. Александра Беч тайлангийн дүгнэлтийг Норвегийн холбогдох албаны хүмүүс хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд болсон цуст аллагын дараа Норвегийн хуульзүйн сайд болон аюулгүйн албаны дарга нарыг огцруулсан юм. Шүүх хурлын үеэр Андерс Брэйвик гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн ч өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. Шүүхийн ялын тогтоол наймдугаар сарын 24-нд гарах юм байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш