logo
Иранд болсон газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

Иранд болсон газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

2012/08/15
Иранд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 306 болж өсчээ. Ням гаригт аврагчид барилгын нурангиас амьд үлдэгсдийг хайх ажлаа зогсоосон юм. Өчигдөр Ираны эрүүл мэндийн сайд Марзие Вахид Дастжерди эмнэлэгт хүргэгдсэн 50 орчим хүн гэмтэл, шархаа даалгүй нас барсныг парламентын хуралдааны үеэр хэлсэн байна.
Хоёр өдрийн өмнө Ираны зүүн хойд хэсэгт орших Табриз хотын орчим газар хөдөлсний улмаас гурван мянга гаруй хүн шархаджээ. Амь үрэгдэгсдийн дунд хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 219 хүн байсан бөгөөд хөнгөн шархтай хоёр мянга гаруй хүнийг эмнэлгээс гаргасан байна.
Сайд Дастжерди газар хөдлөлт болсон бүс нутаг руу түргэн тусламжийн эмч нарыг илгээснийг хэлжээ. Гэхдээ хүнд шархтай хүмүүсийг цаг алдалгүй тээвэрлэхэд нисдэг тэрэг шаардлагатай байгаа юм байна.
Аврагчдын хэлж байгаагаар алслагдмал суурингуудад хүнд дээвэртэй байшингууд нурснаас болж олон хүн амиа алджээ. Даваа гаригт Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахими байгалийн аюулд өртсөн бүс нутагт очиж, нөхцөл байдалтай танилцсан талаар энэ улсын төрийн мэдлийн телевизээр мэдээлсэн байна. Табриз хотын ойролцоо болсон газар хөдлөлт 6.4 магнитутын хүчтэй байжээ.  Ираны Зүүн Азербайжан мужийн Ахар, Харис, Варзакан зэрэг хот суурингууд газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн байна. Төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр 12 суурингийн байшин барилга тэр чигтээ сүйдэж, бусад 425 тосгоны барилга байгууламжууын 50-иас 80 хувь нь нурж сүйджээ. Мөн зам, дэд бүтцэд ихээхэн хохирол учирсан байна.
Нийслэл Тегеран хотод олон зуун оршин суугчид газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн хүмүүст цусаа өгөхөөр дугаарлан зогсчээ. Тэдний дунд Олимпийн алтан медал хүртсэн хүндийг өргөлтийн тамирчин Бехдад Салими ч байсан гэнэ.
Ираны Улаан Хавирган Сар  нийгэмлэгээс газар газар хөдлөлтийн дараа гадны улсуудын тусламж шаардлагагүй гэж мэдээлсэн байна. Иран нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсд оршдог улс юм. Энэ улсад өдөрт дунджаар нэг удаа газар хөдөлдөг ч ихэнх нь хүч султай байдаг учраас тэр бүр мэдрэгддэггүй байна. 2003 онд болсон 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зүүн өмнөд хэсэгт орших Баам хот газрын хөрснөөс арчигдаж, мөн 26 мянга гаруй хүн амь үрэгдэж байсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш