logo
Ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ

2012/08/15
Наймдугаар сарын 14-ний үдээс хойш Төрийн ордны А танхимд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Төсвийн байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалж, Улсын Их Хурлын 2013 оны төсвийн төслийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хийлээ. Тэрээр хэлэхдээ, Улсын Их Хурлын 2013 оны төсвийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 214-р тогтоолоор баталсан УИХ-ын төсвийн хязгаарт багтаан нийт дүнгээр 18647.9 сая төгрөгөөр, үүнээс урсгал төсвийн төслийг 17493.5 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх төсвийн төслийг 1154.4 сая төгрөг байхаар тооцсон хэмээгээд төсөлд тусгагдсан бусад зардлыг гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2013 оны төсвийн төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн, УИХ-д намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бие төлөөлөгч - туслахын орон тоог 28 хүнээр хорогдуулах тухай тусгасан нь байнгын хорооны гишүүдийн дунд маргаан үүсгэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Баярцогт нар намын жагсаалтаар сонгогдсон гишүүдэд бие төлөөлөгч байх шаардлагагүй. Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог системээр томсгосон тойргоор явагдсан. Тиймээс хорогдуулж байгаа бие төлөөлөгчдийн орон тоог тойргоос сонгогдсон гишүүдэд өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.
Харин Су.Батболд, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд тойрог, намын жагсаалтаар сонгогдсон гэж ялгах нь буруу. Учир нь иргэдэд тойргын гишүүд чухал, бусад нь хамаагүй юм байна гэх ташаа ойлголтыг төрүүлнэ. Намын жагсаалтаар гарсан гишүүд Монгол улсын аль ч аймаг, сум, дүүрэгт ижилхэн ажиллана гэж байлаа.
УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ, Эндээс дундын шийдэл гаргаж болмоор байна. Гишүүдийн туслах, бие төлөөлөгчийн орон тоог хэвээр нь байлгаж, намын бүлгүүд дотроо гишүүддээ хуваарилах боломжтой байна гэлээ. Түүнчлэн аймаг, сум, дүүрэгт бие төлөөлөгчдийн баг ажиллуулж, иргэдийг УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдтэй ойртуулах чиглэлээр асуудлыг шийдвэл ямар вэ гэх саналтай гишүүд ч байсан.
Мөн УИХ-ын дотоод сүлжээ, техник технологи, кибер аюулгүй байдлыг сайжруулж, мэдээ мэдээллийг хурдан шуурхай авч ажиллахад анхаарч бусад зардлын төсвөөс шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр тус байнгын хорооны гишүүд санал нэгдэж байлаа. Тодруулбал, гишүүдийн автомашины парк шинэчлэлд төсөвлөсөн 400 сая төгрөгнөөс хасаж өндөр хурдны интернет, техник технологийн шинэчлэлд зарцуулахыг санал болгож байсан юм. Энэ мэтчилэн гишүүдээс багагүй зарчмын зөрүүтэй санал гарч, дэмжигдсэн санал бүрийг уг төсөлд тусгахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.
Төсвийн шинэ хуулийн дагуу албан байгууллага бүр төсвөө гаргаж Сангийн яаманд энэ сарын 15-нд хүргүүлэх ёстой. Энэ дагуу Улсын Их Хурал эхний жилийнхээ төсвийн төслөө ийнхүү боловсруулан хэлэлцүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш