logo
Байгаль орчинд халгүй, өндөр техник, технологи бүхий хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжихээ илэрхийлээ

Байгаль орчинд халгүй, өндөр техник, технологи бүхий хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжихээ илэрхийлээ

2012/08/15
УИХ-ын дарга З.Энхболд наймдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа. Ноён Ван Шяолун шинээр сонгогдсон УИХ-ын даргад бараалхаж байгаа гадаад орны анхны Элчин сайд юм.
Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхээр ажиллаж буй энэ хариуцлагатай үед цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа Элчин сайд илэрхийлээд “Энэ онд хоёр талын харилцаанд маш чухал үе тохиож байна. Монгол Улсад шинэ парламентын сонгууль болж, Засгийн газраа бүрдүүлж байна. Энэ намар БНХАУ-ын Коммунист Намын ээлжит их хурал болж, намынхаа улирдлагуудыг сонгоно. Ийм чухал цаг үед хоёр талын харилцааг цаашид улам тогтвортой хөгжүүлэх нь чухал а холбогдолтой” болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол-Хятадын харилцаа шинэ шатанд гарч, шинэ шинэ боломж нээгдэн урагшлан хөгжиж байна. Ялангуяа өнгөрсөн онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдал болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд ноён Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд “Монголд УИХ-ын ээлжит сонгууль болж, засгийн эрх нэг намаас нөгөөд тайван замаар шилжин, шинэ Засгийн газар бүрэлдэх үйл ажиллагаа эхлээд байна. Намайг УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан баярын цахилгаан ирүүлсэнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ноён У Бангуод талархал илэрхийлж байгааг минь дамжуулж өгөхийг хүсье. У Бангуо даргатай уулзаж танилцах завшаан тохионо гэж найдаж байна” гээд Монгол Улсын үе үеийн парламент, Засгийн газар өмнөд хөрштэйгөө сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх чиг шугам баримталж ирсэн. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар ч энэ бодлогыг тууштай залгамжилна гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ.
Тэрбээр хоёр талын хамтын хүчин чармайлтын үрээр Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, шинэ агуулга, хэлбэрээр баяжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар нь, эн түрүүнд эдийн засгийн агуулгаар баяжуулах нь ойрын жилүүдийн ажлын гол зорилт хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв. Хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Хятадын хөрөнгө оруулалт, тэгэхдээ байгаль орчинд халгүй, өндөр техник, технологи бүхий хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжих бодлого баримтална гэдгээ УИХ-ын дарга онцлоод удахгүй манай улсад хийх гэж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуогийн айлчлал чухал үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш