logo
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд нэг сарын цалин хүрэхгүй байна

Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд нэг сарын цалин хүрэхгүй байна

2012/08/16
Хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдан авч байна. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад хичээлийн хэрэгслүүд дунджаар 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг хүүхдэд л эцэг эхчүүд хамгийн хямд газраас худалдан авалт хийхэд 200 гаруй мянган төгрөг зарлагадаж байгаагаа хэллээ.
Та хүүхдийнхээ нэг жилийн хичээлийн хэрэгслийг нь хангаж өгөхөд дэвтэр, үзэг, харандаа, шугам, пенал, баллуур, хайчнаас авахуулаад цүнх, цагаан цамц, дүрэмт хувцас мөн бэлтгэлийн хувцас хэрэгтэй болно. Дэвтрийн үнэ дунджаар 12 хуудастай нь 200, 24-250, 32-300, 48-400, 60-500, 96-800 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Ер нь эцэг эхчүүд ихэвчлэн 24 хуудастай дэвтэр авдаг аж. Цагаан цамцны үнэ дунджаар эрэгтэй нь 7000, эмэгтэй нь 10 мянган төгрөг байна. Түүнчлэн сурагч цүнх 10000 төгрөгөөс 30 мянган төгрөгийн хооронд байна.
Одоо тооцоо хийж үзье. Дундаж дүн гаргаж байгаа учраас дунд ангийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэе гэж бодлоо. Мэдээж дэвтэр нэн түрүүнд хэрэгтэй. Тууш, дөрвөлжин шугамтай, 24 хуудастай дэвтэр тус бүрээс нь 20, 20-ыг авахад нэг нь 250 төгрөг гэж бодохоор 10000 төгрөг болно. Дээрээс нь зургийн дэвтэр 2 ширхэг авахад нэг нь 800 төгрөгийн үнэтэй тул 1600 төгрөг. Баллуур 500, цаасны цавуу 1000, үзгэн бал нэг нь 500 нэг хайрцгаараа 10 мянга, харандаа 500-гаар 2 ширхэг, будгийн харандаа 1500, хайч 2000, пинал 2500, өнгийн цаас 1500, шугам 1000-аар тооцоход 32500 төгрөг болж байна. Үүн дээр сурах бичгийн үнэ, дунджаар 8 хичээлийн сурах бичиг нэгийг нь дунджаар 3500-аар бодоход 28000 төгрөг, цагаан цамц 13 мянган төгрөг, бэлтгэлийн өмд цамц хосоороо 23 мянга, хичээлийн цүнх дунджаар 20 мянган төгрөг болж байна. Ингээд эцсийн дүн 110 мянган төгрөг. Энэ бол хүүхдийн шинэ гуталны үнэ бодогдоогүй дүн. Үүн дээрээс дүрэмт хувцасны мөнгө нэмэгдэхээр дунджаар 200 мянга хол давсан үнэ гарч байгаа юм.
Иймээс эцэг эхчүүд дунджаар 200 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Тэгвэл олон хүүххэдтэй айлын хувьд бүр ч хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. "Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд нэг сарын цалин ч хүрэхгүй байна" гэж аав ээж нар ярьж байна.
С.Амар 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш