logo
Шилдэг соёлын төв есдүгээр сард тодорно

Шилдэг соёлын төв есдүгээр сард тодорно

2012/08/16
2011-2012 онд улсын хэмжээнд зарласан "Соёлын төв- чанартай үйлчилгээ-3" болзолт уралдааныг ирэх сарын эхний долоо хоног буюу Соёлын ажилтны өдрөөр шалгаруулан шагнахаар болжээ.
Хөдөөгийн хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, үйлчилгээний чадавхийг сайжруулах зорилгоор сумын соёлын төвүүдийн дунд энэхүү болзолт уралдааныг зарласан юм.
Соёлын ажилтнуудын хүсэлтээр гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа уралдаанаар 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс шалгарсан шилдэг соёлын төвийг шалгаруулна. Уг уралдаан нь соёлын ажилтнуудын ур чадварыг сайжруулах, хөдөөгийн хүм амд үйлчлэх үйлчилгээний чанар, нэр төрөл, соёлын ажлын хэлбэр, соёлын төвүүдийн техник тоног төхөөрөмж, тохижилтыг сайжруулах ач холбогдолтой юм. Шилдэг соёлын төв шалгаруулах ажлыг Соёл, урлагийн хороо хариуцан зохион байгуулж байна.
Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт одоогоор 350 орчим Соёлын төв үйл ажиллагаагаа явуулдгаас мэргэжлийн номын санч, бүжгийн багш, дуу хөгжмийн багшаар хангах шаардлагатай байна. Соёлын ажилтнууд нь тухайн нутаг дэвсгэр дэх иргэдийн чөлөөт цагт зориулан соёлын олон талт ажил арга хэмжээг зохион байгуулж, номын сан, орон нутаг судлах танхимаар үйлчилж, соёл хүмүүжлийн ажлыг тасралтгүй зохион байгуулах үүрэг хүлээдэг хүмүүс юм.

Г.Уран 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш