logo
Америк цэргийг хөнөөсөн Ч.Баттуул сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэнэ

Америк цэргийг хөнөөсөн Ч.Баттуул сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэнэ

2012/08/17
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх 24 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн  мөрдөн  байцаалт  дуусч, Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн билээ.

Гэсэн ч дээрх хэргийг прокурор хянаад, нэмж тодруулах зүйл бий хэмээн мөрдөн байцаалтад, УМБГ-т буцаасан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл сэжигтэн Ч.Баттуулыг олдмол сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй хэмээн шалгахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Баттуул Жон Мартин Кийнийг хөнөөсөн шалтгаанаа өөрөөр тайлбарлах болсон байна. Тэрбээр гэр бүлтэй залуутай дотно харилцаатай  байсан тухайгаа мэдүүлсэн аж. Тэр залуугаа өөртэй нь гэр бүл болохгүй бол гадаад хүнтэй гэрлэнэ хэмээн өширхөж, талийгаачийг дуудаж ирүүлсэн хэмээн мэдүүлжээ.

Өмнө нь Ч.Баттуул талийгаач Жон Мартин Кийнийг мөнгөнд нь шунаж хө­нөөсөн хэмээн мэдүүлж байсан юм. Үүнээс гадна сэжигтэн мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн зэргээс нь шалтгаалж, ийнхүү сэтгэцийн сорил хийхээр болсон аж.

Хэргийг эргэн сануулахад АНУ-ын иргэн, Моунт Олив хотын харьяат 45 настай Жон Мартин Кийн сэжигтэн Ч.Баттуулаас бизнесийн санал хүлээн авч, энэ оны нэгдүгээр сарын тавны өдөр Монголын хилээр орж ирсэн юм.

Тэрээр нэгдүгээр сарын зургааны өдөр Дархан хотоос хэмээн ээж Маргарет Кийнтэй утсаар ярьснаас хойш сураггүй болсон байна. Талийгаачийн ээж рүү нь сэжигтэн Ч.Баттуул өмнөөс нь холбогдож, “Кийн завгүй байгаа. Ээжтэйгээ холбогдож чадахгүй байгаадаа уучлал гуйж байна лээ” хэмээн мэйл явуулж байжээ.

Эхэндээ ээж нь Ч.Бат­туулын үгэнд итгэж байсан ч сүүлдээ түүнийг барьцаалагдсан байж болзошгүй хэмээн санаа зовниж, АНУ-ын Төрийн департамент болон Монгол, Хятад дахь Элчин сайдын яамдыг сайтар идэвхтэй ажиллахыг шаардаж байсан аж.

Мөн Моунт Оливын ахлах сургуулийг хамт төгссөн найзууд нь түүнийг “Фейсбүүк”-ээр хайж байжээ. “Жон Мартин Кийн сураггүй алга боллоо, эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн албан бичиг ЦЕГ-т гурван сарын долооны өдөр ирснээр цагдаагийн байгууллага яаралтай эрэн сурвалжилж, хохирогчийн цогцсыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон байна. Ч.Баттуул Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж, зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь шатаагаад тус аймгийн Эрдэнэ сумын нутагт булж нуусан байсан гэдэг.

Хэргийг хоёр сарын дараа илрүүлж, гуравдугаар сарын 16-наас Ч.Баттуулыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм.

Талийгаач Жон Мартин Кийн нь Тайваньд 50 настай эхнэр Нэнси Ли болон 12 настай охины хамт амьдарч, Тайванийн технологийн их сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан нэгэн.

Харин Ч.Баттуул түүний багшилж байсан сургуульд суралцаж байгаад Монголд очиж ажиллахыг санал болгосон байдаг. Тэрбээр талийгаачид Монголын нийслэл Улаанбаатар хотод “Шүрэн гүүр” /Coral Bridge/ нэртэй зочид буудал, ресторан барья, та зохион байгуулагчаар ажилла, өн­дөр цалин өгнө, гоё машин унуулна хэмээн итгүүлсэн аж. Бүр рестораны загвар зургийг хүртэл үзүүлж бай­жээ. Мөн Ч.Баттуул Кий­нээс өөрийг нь дэмжиж, 10 мянган долларын хандив өгөхийг хүсч, Кийн ч саналыг хүлээн зөвшөөрч, ээжээсээ дээрх мөнгийг авч, Монголд ирсэн байна.

Хэргийн явц болон яагаад сунжирч байгаа талаар та­лийгаачийн ар гэрийнхэнд одоо хүртэл мэдээлэл өгөхгүй байгаа хэмээн эхнэр Нэнси Ли нь гомдоллож байна. Тэрбээр Монгол дахь АНУ-ын ЭСЯ-д албан ёсоор хүсэлт ирүүлсэн ажээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш