logo
Энэ жил усан халаалттай 20 мянган зуух нийлүүлнэ

Энэ жил усан халаалттай 20 мянган зуух нийлүүлнэ

2012/08/17
Нийслэлчүүдийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа утааны улирал мөдхөн эхэлнэ.

Энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг буруулах үүднээс хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд усан халаалттай зуух нийлүүлэх гэж буй тухай Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн Х.Галсамбекээс тодрууллаа.

-Өнгөрсөн жил хотын утааг бууруулах талаар олон ажил хийсэн. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Өнгөрсөн жил Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээ зохион байгуулж ажилласан. Тухайлбал, хязгаарлалтын бүсэд 70 мянган өрхөд тусгай шүүлтүүртэй, утаа бага ялгаруулдаг, Турк зуухыг 95 хувийн хөнгөлөлттэй ний­лүүлсэн. Харин 2012-2013 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах төсөл болох усан халаалттай 20 мянган зуух нийлүүлэх  нээлттэй сонгон шалгаруулалтыг явууллаа. Сонгон шалгаруулалтад “Хүрд” компанийн Канад технологийн зуух шалгарсан. Тиймээс одоо зуух нийлүүлэх гэрээг уг компанитай байгуулан ажиллаж эхлээд байна.

-Усан халаалттай зуухыг иргэдэд ямар үнээр нийлүүлэх бол, мөн энэ жил утаа бага ялгаруулдаг зуухыг иргэдэд дахин нийлүүлэх үү?

-“Утаагүй зуух” төсөл энэ жил дахин хэрэгжээд явна. Харин Усан халаалттай зуухны хувьд одоогоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэдэд ямар үнээр түгээх шийдвэр нь гараагүй байгаа. Шийдвэр гарсны дараа иргэдэд хэдэн төгрөгөөр түгээх нь тодорхой болно. Энэ ажил одоо л хийгдэж эхэлж байна.

-Утаагүй зуух байшинд тохиромжгүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Одоо шинээр орж ирж байгаа Канад зуух өмнөх зуухнаас ямар ялгаатай байгаа вэ?
-Усан халаалттай зуух нь утаагүй зуухнаас 30-50 ам метр талбайг халаах илүү хүчин чадалтай. Ер нь хоёр давхар байшинг ч халааж чадна. Тэгээд ч энэ зуух Канадад 70 гаруй жил хэрэглээд туршигдчихсан. Гэрт ч, байшинд ч тохиромжтой зуух юм.

-Өмнөх жил “Утаагүй зуух” авсан иргэд энэ жил усан халаалттай зуухыг авах уу?
-Ер нь Баянгол дүүрэгт боловсруулсан түлш нийлүүлдэг. Тиймээс Баянгол дүүргийг хасаад зуух тараах нийт 173 мянга орчим өрх байгаа. Эдгээр өрхүүдийн 10 хувь нь буюу 20 орчим мянган айл нь усан халаалтын зуухтай байсан. Уг айлууд ердийн халаалттай зуух авахгүй усан халаалттай зуух хэрэгтэй байна гэсэн учир тухайн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан энэ жилээс дээрх өрхүүдэд уг зуухыг нийлүүлэхээр болсон. Тиймээс урд жил “Утаагүй зуух” авсан айлууд усан халаалттай зуух авах шаардлага байхгүй.

-Усан халаалттай зуух авахад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх үү?
-Усан халаалттай зуухыг худалдаалах үнэ нь ч гараагүй байгаа учир одоогоор хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг 95 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй байх.

Ж.Отгонмягмар /www.mminfo.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш