logo
Амиа хорлогсдын нас залуужих боллоо

Амиа хорлогсдын нас залуужих боллоо

2012/08/17
Энэ сарын эхний арав хоногт улсын хэмжээнд есөн иргэн амиа хорлосон байна. Өөрөөр хэлбэл, манай улсад амиа хорлолт ихэсч байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрөөр гурван иргэн амиа хорлосон байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд 25 настай эрэгтэй Н,Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 24 настай эрэгтэй Ч, Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд оршин суух 46 настай эрэгтэй Б өөрийгөө боомилж нас барсан. Амиа хорлохыг завдагсад, хорлогсдын нас өдөр ирэх тусам залуужиж байна. Тэдний дийлэнх хувийг 20-35 насныхан эзлэх болжээ. Үүний цаана амиа хорлохыг завдаж эмнэлэгт хүргэгдсэн, өөртөө гэмтэл, бэртэл, хор хөнөөл учруулсан хэдэн арван хүн бий. ГССЗҮТ-д өдөрт амиа хорлохыг завдсан 3-5 хүн тогтмол ирдэг төдийгүй энэ тоо амралтын өдрүүдэд нэмэгддэг байна. Дэлхий дээр мянга мянган өвчтөн хором, секунд ч болтугай амьд байхын тулд үхэлтэй тэмцэж байхад эрүүл саруул ухаантай, бие бялдартай охид залуус ийнхүү амиа хорлох болов. Тэдний ихэнх нь сэтгэл дэх бухимдал, асуудлаа нээж ярих хүнгүйгээс, ярьж чадахгүй байгаагаас шалтгаалдаг гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

Эцэг эхээ айлгах арга нь амиа хорлолт болжээ

Хоногт нэг хүн амиа хорлосон дүн мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяраас тодрууллаа.

-Сүүлийн үед амиа хорлолт ихсэх боллоо. Өнгөрч оныхтой харьцуулбал энэ төрлийн хэрэг хэр их гарч байна?

-Хэдийгээр их гарч байгаа боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 37.2 хувиар буурсан гэсэн судалгаа байна. Гэхдээ сүүлийн хэдэн сар амиа хорлолт эрс нэмэгдэж байна. Тухайлбал, наймдугаар сарын 15-ны байдлаар гуравхан өдөр л амиа хорлосон гэх мэдээлэл бүртгэгдээгүй. Мөн амиа хорлох гэж байгаад амьд үлдсэн тохиолдол ч гардаг. Гэхдээ амиа хорлолтоос харьцангуй бага байдаг.

-Хэдэн насныхан амиа хорлох хандлагатай байна?

-18-30 насны хүмүүс ихэнх хувийг эзэлж байна. Харин он гарсаар өсвөр насны хүүхэд амиа хорлох тохиолдол дөрөв гарсан. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд амиа хорлох ноцтой шалтгаан байдаггүй. Эцэг эхдээ загнуулж, зодуулснаасаа болж айлгах гээд дээрх үйлдлийг хийдэг болж.
Мөн амиа хорлосон хүмүүсийг архи ууснаас ийм үйлдэл хийсэн гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ архи нөлөөлсөн зүйл байдаггүй. Эртнээс бодож төлөвлөсөн байдаг.

-Ихэвчлэн ямар аргаар амиа хорлосон байдаг бол?

-Ер нь тайвшруулах эм их ууж амиа хорлодог. Ер нь хүний амь насанд аюултай эмийг эмчийн жороор өгөх ёстой байдаг. Гэхдээ өнөөдөр тэр бүр эмчийн жорын дагуу үйлчилдэг эмийн сан алга. Харин тэдэнд хариуцлага тооцох үндэслэл шалтгаан байхгүй.

-Амиа хорлосон хүмүүсийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгадаг. Шалгалтын дараа гадны нөлөөтэйгээр амиа алдсан тохиолдол хэр байх уу?

-Тийм тохиолдол бараг гардаггүй. Ихэнх нь л ямар нэгэн зүйлийг даах чадваргүйгээс болж амиа хорлоход хүрсэн байдаг. Манай улсад амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь жаахан зүйлээс болох нь элбэг. Тухайлбал, хоёр хүн маргалдахад нэг нь амиа хорлочихсон байдаг. Тэдний 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш