Намрын их ажил эхэлж байгаа энэ үед жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Ц.Ням-Осороос салбарын хөрөнгө оруулалт, иргэн, аж ахуйн нэгжид зээл олгож байгаа эсэх талаар тодрууллаа.
-Засаг төр солигдоод бүх ажил зогсонги байдалтай болчихсон энэ үед иргэн төслөө бариад ирвэл танайхаас зээл авах боломж байна уу?
-Энэ онд мөнгө байхгүй гэдгийг бид хэвлэл мэдээллээр дамжуулж хэлж байгаа. Сумын хөгжлийн 24 тэрбум төгрөг УИХ-аар хэлэлцэгдэж 330 сумд олгох ёстой тэр санхүүжилт орж ирээгүй байна. Хэдийгээр Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэж Засгийн газрын тогтоол дөрөвдүгээр сард гарсан ч одоо болтол Сангийн яам, Хөгжлийн банкныхан хэрэгжүүлээгүй байна. Үүнээс болоод жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ихээхэн хэмжээний хүлээлт үүссэн.
-Сангийн яам гол буруутан гэж ойлгож болох уу?
-Энэ асуудалд УИХ, Засгийн газрыг буруутгахгүй. Яагаад гэвэл УИХ хуулиа баталчихсан. Засгийн газраас тогтоол гаргасан. Тиймээс гаргасан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үүрэг хариуцлагагүй байдлаас ийм асуудал болж байгаа юм. Хэрэгжүүлэгч байгууллага Сангийн яам, Хөгжлийн банк, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг байгууллагууд төр засгийн шийдвэр гарчихсан байхад хариуцлагагүй хандсан, ажлаа удаашруулж цалгардуулсан учраас энэ салбар ийм байдалд хүрчихээд байна. Тиймээс төрийн ажлыг цалгардуулж байгаа цөөн хэдэн хүнээс болж ЖДҮ эрхлэгчид санхүүжилт авч чадахгүй боллоо. Эсвэл олгох ёстой хөрөнгөө олго, үгүй бол ийм шалтгаанаар олгох боломжгүй байгаагаа ард түмэнд ил зарлах хэрэгтэй шүү дээ.
-Энэ жилийн хувьд хэдэн тэрбум төгрөгийн төсөл танайхаар дамжиж хэрэгжих вэ, шалгарсан төсөл байна уу?
-Одоогоор 280 гаруй тэрбум төгрөгийн төсөл цугларч үүнээс 80 гаруй тэрбум төгрөгийн төсөл шалгараад банкууд дээр санхүүжилтээ хүлээж байгаа. Энэ бизнес эрхлэгчид ч гэсэн тодорхой хариутай байсан нь дээр. Намраас өвлийн бэлтгэл ажил эхэлдэг учраас бизмес эрхлэгчдэд тодорхой хариу өгөх шаардлагатай байна. Өнгөрсөн онд 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдэгдсэн учраас энэ жил хүмүүст маш их хүлээлт үүссэн. ЖДҮ-т нэлээд их мөнгө ирнэ байх тэгэхлээр нь зээл авна гэсэн олон бизнес эрхлэгчид байсан байх. Ер нь бол төр засаг солигдоод зайлшгүй тулгамдсан асуудал байгаа л байх гэхдээ жижиг, дунд бизнес эрхэлж хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье, бүтээе гэж зүтгэж байгаа иргэн аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй. Тэд зогсолтод орвол иргэд ажилгүй болно, иргэд ажилгүй орлогогүй бол ядуурал нэмэгдэнэ ийм л сөрөг хандлагатай. Тиймээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг Төр засгаас эхний ээлжинд авч үздэг байх шаардлагатай байна.
-Чанаргүй зээл их байгаагаас манай жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжил хөшүүн байгааг иргэд хэлдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Сүүлийн гурван жилийн байдлаар иргэдээс 950 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэнээс 260 тэрбум төгрөгийн зээл өгсөн байгаа юм. Энэ нь 10 хүний гурав нь зээл авсан гэсэн үг. Үүнд, банкны барьцаа хөрөнгөгүй, материалаа буруу бүрдүүлсэн гэх мэт янз бүрийн шалтгаанаас зээл авч чадаагүй түүх байна. Нөгөө талаас угаасаа зээлийн санхүүгийн эх үүсвэр өөрөө хүрэлцээгүй байгаа юм. Тиймээс зээлийн хүртээмжийн асуудал сүүлийн жилүүдэд ихээхэн яригдах болсон. Үүний шалтгаан нь нэг талаас сонгуулийн жил болсонтой холбоотойгоор улстөрийн намууд, улс төрчид зээл их хэмжээгээр олгоно гэсэн амлалт хийсэн нь иргэдэд ихээхэн хүлээлт үүсгэсэн.
Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийнхэнд зориулж 200-аад тэрбум төгрөгийн зээл олгосон бол энэ жил 50 орчим тэрбум төгрөг л олгож буй. Тэгэхлээр өнгөрсөн жил их хэмжээний зээл авсан хүмүүс энэ жил илүү ихийг хүлээж байснаас мухардалд орсон гэж хэлж болно. Дээр нь Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн хүүг нэмсэнээс иргэдэд зээлийн олдоц багассан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүртээмж буурсан гэсэн үг.
Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийнхэний эрх мэдлийг орон нутагт бүрэн шилжүүлсэнтэй холбоотойгоор алдаа, оноо гарсан. Мөн мөнгө хүрэхгүй болохоор иргэд танил тал, хамаатан садандаа зээл өгчихлөө гэж хий хардах ч тохиолдол их байна. Арилжааны банкууд барьцаа хөрөнгө хүрэхгүй болон бусад щалтгаанаар зээлийг унагадаг. Энэ мэт шалтгааны улмаас дээрх шүүмжлэл гардаг.
-Иргэдийн энэ хий хардлагыг арилгахын тулд энэ салбарт ямар шинэчлэлт хийх хэрэгтэй вэ?
-НҮБ-аас манай улсыг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстойг заасан байдаг. Шавхагддаг баялаг буюу уул уурхай баялгаас илүү шавхагдашгүй нөөцтэй хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө, аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх шаардлагатай гэсэн байгаа юм. Ялангуяа дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн ажилчдыг бэлтгэн, улсдаа аж, үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үндэс суурийг тавих, иргэдийг ажилтай, амьдралтай, зорилготой болгох чухал үүрэг бий. Тэгэхлээр зөв бодлогоор зөв дэмжиж явах л чухал байгаа юм. Бүр цаашилбал, манай улс гадаадын зах зээлийн хараат байдлаас гарах хэрэгтэй. Тиймээс энэ салбарын мөнгө санхүү, бүтэц зохион байгуулалт, татвар гаалийн орчинг таатай болгож эрхзүйн орчноор дэмжих нь зүйтэй. Мөн боловсон хүчний асуудал нэн чухал. Эцэст нь импортыг орлох экспортын чиг баримжаатай жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна.
-Төрийн нүүр царай шинэчлэгдэж байна. Энэ салбарт хэрхэн хандах бол. Төсөв санхүүгийн асуудал хэрхэн яригдах бол?
-УИХ-д суудалтай дөрвөн намын мөрийн хөтөлбөрийг харж байхад хамгийн нааштай нь жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжих 90-ээд заалт оруулсан байгаа юм. Үүнээс 20 орчим нь хоорондоо давхцаж байгаа. Ялангуяа Засгийн эрх барих Ардчилсан нам, УИХ-д олон суудалтай Ардын намын зүгээс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогыг түлхүү тусгасан байгаа. Жишээ нь, Ардчилсан нам гэхэд үйлдвэрлэлийг дэмжиж, Сумын хөгжлийн дэд санд 300 саяас доошгүй, Аймгийн хөгжлийн дэд санд таван тэрбум төгрөг, Бүс нутгийн чанартай зээлийг дэмжихэд 500 тэрбум төгрөг гаргахаар тусгасан бол сүү, ноолуурыг дэмжихэд 300 тэрбум төгрөг, мах, ноосыг дэмжихэд 50 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тусгасан байгаа. Энэ нь нийтдээ 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт хийж, эрхзүйн хувьд дэмжихээр байгаа. Ардын нам ч гэсэн 300 мянган ажлыг байрыг шинээр бий болгож, Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барина гэх мэтээр салбарын хөгжилд нэлээд хөрөнгө оруулалт хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа юм.
-Энэ салбарт ярих биш хийсэн хүн үнэлэгддэг. Эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр ажил биелэх боломжтой байх?
-Эдгээр мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгож, улс орны хөгжлийн тулгуур жижиг, дунд үйлдвэрийнхээ салбарын хөгжлийг өөд нь татах чухал байна. Иргэдийн зүгээс ч, улстөрийн намууд ч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийх зөв бодлого явуулах нь чухал гэдгийг нийтээрээ дэмжиж, эерэг уур амьсгалтай байгаа. Тийм учраас эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үедээ жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг өөд нь татаж, одоо явуулж буй бодлогоо илүү өргөжүүлэх нь чухал.
М.Тунгалаг
Эх сурвалж: "Нийгмийн толь