logo
Хэн нэгний төгс хувилбар байхыг хүсдэггүй

Хэн нэгний төгс хувилбар байхыг хүсдэггүй

2012/08/17
Miss tourism queen of the year international” тэмцээний “Шил­дэг гүйцэтгэлтэй авьяас­лаг мисс” шагналт Э.Амаржаргал­­­ыг “Мисс моторс интер­­­нэйшнл” олон ул­­­сын тэмцээнд оролцохоор бэлт­гэлээ базааж байхад нь уулзаж, ярилцлаа. Уг тэмцээн ирэх сарын долоонд Итали улсад болно.
Манай уншигчид Э.Амар­жаргал­ыг “Тусгай салаа” олон ангит киноны Анужин­гийн дүрээр нь сайн танина. Их сургуулиа төгсөхөөсөө өмнө гурван ч олон ангит киноны эсрэг дүрд тоглоод амжсан түүнийг хүмүүс бүтээсэн дүр шигээ хатуу ширүүн нэгэн хэмээн төсөөлдөг. Түүнтэй ярил­цаж суухдаа монгол эмэг­тэйн намба төрхийг шин­гээсэн, уян зөөлөн бай­дал, аливаад хянуур хан­даж, үг бүрээ бодож хэлдэг нь Э.Амаржаргалыг чимдэг болохыг мэдэрлээ.
-Өдрийн мэнд. Зуны зугаатай мөчүүдийг хэрхэн өнгөрүүлж байна?
-Юуны өмнө “Өглөөний сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Сай­хан амарч байна. Хөдөө орон нутгаар аялж, байгалийн сайхнаар сэтгэлээ баясгаж, эрч хүч аваад ирлээ.
Наадмын өмнө Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайд очиж амарсан. Баяр­ын дараа Тэрэлжид очиж, хэд хоноод ирсэн. Ажил амжвал удахгүй Хамрын хийд явах санаа байна.
-Та бол Монголын өнөөгийн залуусын үлгэр дуу­райл, амжилт руу тэмүү­лэх хүсэл зоригийг бад­раах үлгэр жишээ бол­­­­сон амжилттай яваа бүсгүй­чүүдийн нэг. Өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулсан байх?
-Харьцангуй гайгүй шүү. 2009 онд “Монголын мисс” тэмцээний шагналт байрт шалгарсны дараа “Шилмэл загвар” компаниас олон улсын тэмцээнд оролцох санал тавьсан.
Анх тэмцээнд явах гэж байхад аав маань жаахан дургүй байсан. Ээж дэмжсэн болохоор аав аяндаа ойлгосон. Уг тэмцээнээс “Шилдэг гүй­цэт­гэлтэй авьяаслаг мисс”-ийн шагналтай буцаж ирж байлаа.
-Жүжигчний хувьд?
-Мэргэжлийн жүжигчин биш болохоор олон киноны пробонд орсон боловч тэн­цээ­гүй. Хамгийн анх “Тусгай салаа”-нд тоглосон. Хүн зорилгынхоо төлөө шантралгүй, тууштай тэм­цэж чадвал бэрхшээл гэдэг тун өчүүхэн зүйл гэдгийг ойлгосон.
-Ямар бэрхшээлийн өмнө хэзээ ч бууж өгөхгүй байж чадах вэ?
-Зөв гэж бодож байгаа зүйлийг минь хэн нэгэн эсэргүүцэх үед түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадна. Бас амьдралын чухал шийдвэр гаргах мөчид ямар ч бэрхшээлийг даван туулна гэж боддог.
-Яг одоо таны амьдралын утга учир юунд оршиж байна вэ?
-Сайхан гэр бүл минь. Мөн амьдрал хэмээх ёроолгүй их далайд хөл алдчихалгүй, сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө тэмцэж байгаа минь л миний амьдралын утга учир юм даа.
-Бусдад таалагдахын тулд эхлээд өөртөө таалагдах хэрэгтэй гэдэг. Таны мөрөөдлийн бүсгүй ямар байх ёстой вэ. Өөрийнхөө “Мөрөөдлийн бүсгүй” байж чаддаг уу?
-Би өөрийнхөө ертөнцөд ямар нэгэн мөрөөдлийн бүсгүйг бүтээж, түүн шиг болох талаар огт бодож байгаагүй юм байна. Хэн нэгний төгс хувилбар байхыг битгий хичээ. Өөрийнхөөрөө л 100 хувь бай гэдэг дээ. Би өөрийнхөөрөө л байдаг.
Эмээ болсныхоо дараа мөрөөдлийнхөө бүсгүй болж чадсан эсэхээ дүгнэж хэлэх байх. Одоо бол өөрийгөө сайхнаар төсөөлж, бодож байгаагаасаа илүү сайхан байхын төлөө хичээж л явна.
-Олон залуусын мөрөөдлийн бүсгүй болсон байх шүү?
-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Мөрөөдлийнх эсэхийг нь мэдэхгүй ч танилцах хүсэлтэй залуучууд бол байдаг.
-Амьдралын өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээж байна уу?
-Одоогоор нөхөр, хүүхэдтэй болоогүй байгаа болохоор амьдралын өмнө сүрхий хариуцлага хүлээхгүй байгаа. Гэхдээ хүн бүр орчлонд мэндэлсэн цагаасаа эцэг, эх, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх. Аав, ээжийнхээ итгэлийг алдахгүй байх гэдэг асар чухал хариуцлага хүлээж байна.
Мөн өнөөдөр хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ хожим харамсахгүй байх хэрэгтэй. Энэ бол өөрийнхөө өмнө хүлээх үүрэг.
-“Тусгай салаа”, “Ялагдашгүй” зэрэг олон ангит кинонд дүр бүтээсэн. Энэ нь ард түмний өмнө хүлээх үүргийг тань багагүй хэмжээгээр нэмсэн байх?
-Мисс гэдэг утгаараа ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч өөрийгөө аль болох сайхан, цэвэрхэн авч явах учиртай. Харин кинонд тоглосноороо илүү нэр хүндтэй болсон.
Хаана ч явсан хүмүүс мэндэлж, амжилт хүсдэг. Надад ийм найрсгаар ханддаг тэр хүмүүстэй би сайхан харилцаж, хүндэлж байгаагаа илэрхийлэхийг хичээдэг. Мөн тэр хүмүүсийн хүндлэлийг дааж, илүү амжилтад хүрэх эрмэлзэлтэй болдог.
-Сайн жүжигчин л эсрэг дүрийг сайн бүтээдэг гэдэг. Найруулагчид таныг нэлээд үнэлдэг бололтой?
-Баярлалаа. Таны хэлсэнчлэн найруулагчид намайг тийм нүдээр харж, үнэлж байгаа бол би их баярлана. Заавал миний зан араншинтай нийцэх дүр хайгаад суувал утгагүй л дээ.
-Амьдрал дээр эсрэг дүр байж чадах уу?
-Эсрэг дүрд ч гэсэн сайн сайхан чанар байдаг. Ерөнхийдөө аливаа юманд тууштай байхыг эрхэмлэдэг. Бэрхшээлд бууж өгч, зорьсноосоо няцах дургүй.
-Өөртөө “Би ийм байх ёстой” гэсэн шаардлага тавьдаг уу?
-Залуу хүн алдаж болно. Хамгийн гол нь алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Мөн алдаанаасаа суралцаж, улам хурцлагдах учиртай. Ямар ч үед хүн чанартай байхыг эрхэмлэдэг. Мөн амьдралынхаа ханийг зөв сонгох юмсан гэж хүсдэг. Би ирээдүйд хэн ч болж болно. Хамгийн гол нь өөрийгөө л алдахгүй юмсан гэж хүсдэг.
-Алдахаас айдаг уу?
-Залуу хүн алдаа, оноон дундаас л өөрийгөө олж авдаг. Би нас өндөр болсон хойноо алдаа гаргах вий гэдгээс л айдаг. Учир нь, тэр үед надад алдаагаа засах хугацаа үлдээгүй ч байж болох шүү дээ. Түүнээс аймшигтай зүйл байхгүй.
-Өөрийгөө хөглөдөг хүсэл мөрөөдөл, сайн сайхан бодлоосоо хуваалцаач?
-Өөрийгөө тал бүрээр сайн хөгжүүлэхийг хичээдэг. Өнгөрсөн хавар Монгол Улсын их сургуулийг хэл судлаач, орчуулагч мэргэжлээр төгссөн. Намраас бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах бодолтой байна. Эх орондоо хэрэгтэй хүн байхыг хүсч байна.
-Эх орондоо хэрэгтэй хүн байх гэдэг таныхаар ямар байхыг илэрхийлж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд өөрийгөө сайхан авч явдаг байх хэрэгтэй. Мөн эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж, тэрхүү хайраа үг, үйлдэл, сэтгэл зүрхээрээ илэрхийлдэг байх ёстой.
Хүн бүр УИХ-ын гишүүн болох албагүй. Гагцхүү мэдлэгээ дээшлүүлж, чадвараа улам төгс болгохын төлөө хичээж, чаддаг зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйтэй болов уу.
-Таныг эрч хүчээр цэнэглэж, амжилтад уриалан дууддаг хүчин зүйл?
-Гэр бүл, ойр дотны найз нөхдийн халуун дулаан сэтгэл, сайхан энерги. Сэтгэл зүрхний минь дуудлага. Мөн байгалиасаа үнэхээр их эрч хүч, эерэг энерги авдаг. Тиймээс ч аялах дуртай.
Хүн байгаль дэлхийтэйгээ ойр байх ёстой. Үүнийг манай залуучууд “Хөдөө гарч мал малла гэж байна” гэж ойлгодог. Тийм биш л дээ. Хүн гэдэг байгалиас үүсэлтэй учраас газар эхээ хайрлаж, тэнгэрээ шүтэж, тэндээс амьдралын эрч хүчээ авч байх ёстой.
-Байгаль эхийн охин байх нь ээ?
-Гэртээ сууж байтал гэнэт дотор давчдаад, цэвэр агаар, салхинд гармаар санагддаг. Очъё гэж хүссэн газраа очмогц сэтгэл уужраад сайхан болчихдог. Магадгүй, байгаль дэлхий минь биднийг дууддаг байх.
-Хөөрхөн, сайхан, үзэсгэлэнтэй, дур булаам, секси. Эдгээр тодорхойлолтын аль нь танд илүү зохих бол?
-Эдгээрийн алинаар нь харагдаж чаддаг нь эмэгтэй хүний давуу тал. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хүрч, зорих хэрэгтэй. Сайхан бүсгүй бүр сайхан харагдаж чаддаггүй. Харин хүн бүрт сайхан харагдаж байгаа эмэгтэйг л “сайхан” гэж хэлэх байх. Би яг одоо сайхан бүсгүй байхын төлөө л хичээж явна даа. /инээв.сурв/
-Өөрийгөө бусдаас давуу гэдгийг мэдэрдэг үү?
-Энэ талаар ёстой бодож байсангүй. Бодож санасан зүйлээ хийж, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хэнээр ч заалгалгүй зүтгэх нь надад эрч хүч бэлэглэдэг. Зорьсон зүйлдээ хүрч чадсан үед бүр ч сайхан байдаг. 
-Их дайчин, эрэмгий бүсгүй шиг санагддаг. Мөн тоглосон дүрүүдээс тань болоод ч тэр үү, хүмүүс таныг их хатуу ширүүн бүсгүй гэж ойлгодог?
-Баярлалаа. Хүний зан араншин гадаад төрхтэйгөө адилхан байх ёстой гэвэл ёстой бүрхэг санагдаж байна. Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа л зөөлөн заяадаг шүү дээ. Тиймээс би уян зөөлөн ч байж чадна. Дайчин, эрэмгий ч байж чадна.
-Үзэсгэлэнтэй царай, сайхан бие хоёроор мөнгө олж болох уу?
-Зөвхөн царай, бие хоёроор амьдрах шиг утгагүй зүйл хаана ч байхгүй. Хүлээн зөвшөөрч болох ч хожим эргээд харахад, туулсан зам, үзсэн бүхэн нь “Амьдрал” гэдэг үгтэй нийцэж чадахгүй л болов уу.
Харин эцэг, эхээс заяасан тархи, оюун санаагаа мэдлэг боловсролоор цэнэглэж, ухаантай байж чадвал хамгийн сайхан амьдралыг цогцлоож чадна гэж боддог.
-Сүүлчийн асуулт. Гадаад төрх болоод дотоод сэтгэлээ хамгийн товчоор илэрхийлбэл?
-Ямагт өөрийнхөөрөө байдаг. Бусдад ч өөрийнхөөрөө харагдаж чаддаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш