logo
Дээрхийн гэгээнтэн Далай лам: Хятад улс үнэний эрэлд гарах цаг болжээ

Дээрхийн гэгээнтэн Далай лам: Хятад улс үнэний эрэлд гарах цаг болжээ

2012/08/20
Дээрхийн гэгээнтэн Далай лам “Ройтерс” агентлагийн сурвалжлагч Мохаммед Аббаст ярилцлага өгчээ.

-Хятадын Коммунист намын удирдагчдын нэг Си Цзиньпин удахгүй энэ орны төрийн тэргүүн болно. Төвөдийн талаарх бодлогод өөрчлөлт гарна гэж та бодож байна уу?
-Ху Жинтао анх Хятадын тэргүүлэгч болоход би зарим нэг эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Тэр ядаж төвөдөөр хэдэн үг мэддэг байсан юм. Хятад бол агуу улс, агуу ард түмэн. Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад орон даяаршлын түвшинд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах асар их хүчин чадал, нөөцтэй. Чухам иймээс л Хятад улс эдийн засаг, санхүү төдийгүй улстөрийн хувьд илүү нээлттэй байх ёстой.
Би анхнаасаа л дэлхийн эдийн засагт уусан нэгдэх нь Хятадын ашиг сонирхолд нийцнэ гэж ярьдаг байсан. Дэлхий нийт ч мөн Хятадыг ардчилсан хандлагатай болж, нээлттэй болгох хариуцлага үүрэх ёстой. Энэ талаар Хятадын Ерөнхий сайд ч нэг бус удаа ярьсан.
-Та Си Цзиньпинд хандан юу гэж хэлмээр байна?
-Хэрэв тэр миний үгийг сонсвол шүү дээ. Си Цзиньпин Хятадын лидер болсны дараа энэ орны улстөрд шинэ урсгал ирж, улмаар илүү нээлттэй, амьдралд ойр байж, Дэн Сяопиний зөвлөснөөр баримт нотолгоо дээр тулгуурлан үнэнийг хайна гэж би найдаж байна. Энэ зарчмыг удирдлага болгосны ачаар Дэн Сяопин Хятадын эдийн засгийг капиталист замд оруулж чадсан. Миний үзэж буйгаар Хятад орон улстөрийн салбарт баримт нотолгоонд тулгуурлан үнэний эрэлд гарах цаг болжээ.
-Төвдийн хоёр ч тусгай элч зургаадугаар сард огцорсонтой холбоотойгоор Хятад улс Төвөдийн талаарх хэлэлцээртээ шинэ уур амьсгал оруулах ёстой гэж та бодож байна уу?
-1980-аад оны эхээр Ху Яобаныг засгийн эрхэнд байхад нөхцөл байдал илүү найдвар төрүүлж байсан. Тэр үед Хятадын Засгийн газар “Таван зүйл бүхий санал” тавьсан юм. Гэхдээ тэр нь зөвхөн намайг буцаж очих, мөн миний ирээдүйтэй холбоотой байсан. Тиймээс би “Асуудал зөвхөн надад хамаатай бус харин зургаан сая төвөд хүн, тэдний үндсэн эрхтэй холбоотой” гэж Хятадын Засгийн газарт хариулсан юм.
Ирээдүйн талаар өгүүлэхэд, хэрэв Хятад улс Төвөдийн нөхцөл байдал, асуудалд бодитоор хандахгүй бол хэлэлцэх шаардлага алга. Хятад улс бодит байдлыг ухаарсны үндсэн дээр бодлогоо явуулах хэрэгтэй. Яагаад гэвэл Төвөдийн асуудал байсаар байх нь Төвөдөд ч, Хятадад ч сайн юм авч ирэхгүй.
-Цаасан дээрээс харахад Хятад, Төвөдийн аль алины байр суурь төстэй, санал нийлэхгүй зүйл байхгүй мэт. Мөн та Төвөдийг Хятадаас салан тусгаарлахыг хүсдэггүй гэсэн. Гэхдээ үүнийгээ яаж Хятадад итгүүлэх вэ?
-Үүнд л бүх хүндрэл бэрхшээл оршиж байна. Талуудын аль аль нь өөр өөрийн үгээ залбирал мэт давтаад байна. Бид тусгаар тогтнох хүсэлгүй гэж байнга хэлдэг бол хятадууд “Төвөд хэзээнээс л Хятадын хэсэг бай­сан” гэдэг. Ийм байдал хязгаарлагдмал үр дүнд хүргэдэг.
-Тэгэхээр та тэднийг итгүүлэхийн тулд юу ч хэлж чадахгүй, хийж ч чадахгүй юу?
-Хамаг учир тэднийг итгүүлэхэд бус. Миний бодлоор хятадууд өөрсдөө дарамт шахалт үзүүлэх аргаар ажиллавал илүү хялбар гэж шийдсэн бололтой.
-Хятад улс Далай ламын дараагийн төрлийг өөрөө сонгоно гэсэнд та яаж ханддаг вэ. Бээжингээс томилсон Далай ламыг Төвөдийн ард түмэн хүлээж авах болов уу?
-Хэрэв би өнөөдөр нас барчихвал энэ асуудлыг авч хэлэлцэж болох юм. Харин би дахин хэдэн арван жил насалбал энэ талаар ярих нь утгагүй. Би бүр 2011 оны есдүгээр сард энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн.
-Хятадад өөрчлөлт гарна, энэ бол цаг хугацааны асуудал гэж та хэлсэн. Ардчилал, хүний эрхийн талаар ярьсан гэж би ойлгосон. Хэзээ гарах бол?
-Хэлэхэд хэцүү. Хятад их хүчтэй. Үүний зэрэгцээ Хятад нь дэлхий нийтийн нэг хэсэг. Тиймээс Хятад улс дэлхийн нийтийн чиг хандлагыг дагах ёстой. Энэ бол ардчилал, хууль ёсыг баримтлах, хувь хүний эрх чөлөө. Эрт орой хэзээ нэг цагт Хятад энэ замаар явна. Учир нь эсрэг чиглэлд хөдлөх боломжгүй.
-Чухам юу Хятадыг энэ чиглэлд хөдөлгөх вэ?
-Хятадын ард түмэн.
-Яаж?
-Хятадын ард түмэн өөрөө эдгээр өөрчлөлтийг хүсч байгаа.
-Та энэ тухай хаанаас олж мэдсэн бэ. Интернэтээс уншив уу, радио мэдээгээр сонссон уу?
-Би Хятадын олон эрдэмтэн, зураач, сэтгэгч, бизнесмэн, огцорсон түшмэдтэй уулзсан. Тэд бүгд өөрчлөлтийг хүсдэг. Төвөдийн талаар сүүлийн гурван жилийн дотор хятад хэл дээр 1000 орчим нийтлэл гарсан. Тэнд дандаа Төвөдөд явуулж буй Хятадын бодлогыг шүүмжилсэн байна лээ. Энэ нь Хятадын олон нийт бодит нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байгааг гэрчилж байна. Цаашид бүх зүйл эрүүл ухаанаас хамаарна.
-Таны энэ үг Хятадын удирдлагыг айлгаж магадгүй. Таныг хятадууд хөнөөхийг завдаж байгаа талаар мэдээлэл авсан гэж та өмнө нь ярьсан. Иймэрхүү сэрэмжлүүлэгт та яаж ханддаг вэ?
-Энэ нь Энэтхэгийн Засгийн газрын аюулгүйн албадад илүү хамаатай. Тэд иймэрхүү мэдээллийг анхааралдаа авдаг.
-Их Британи, Европ бүхэлдээ өрийн хямралд автжээ. Бид удаан хугацааны турш хэт ихийг үрснээс үүдэлтэй байх. Энэ бүхэн хүмүүсийн сувдаг шунахай зангаас болсон уу?
-Санхүүгийн тал дээр би юу ч ойлгодоггүй. Гэхдээ манай найз нөхөд, бизнесмэнүүдийн ярьснаар өнөөгийн даяаршсан эдийн засгийн хямралын шалтгаан нь шунахай зан, ашиг хонжоо харах явдал юм.
Өөрөөр хэлбэл, мэдээлэлгүй байх, бодит байдлыг үл ойлгохтой холбоотой. Хүмүүс амьдралын материаллаг талд дэндүү их анхаарч, бас мөнгөнд хэтэрхий их учир утга өгч байна. Энэ нь алсын хараагүй явдал. Асуудлын үндэс нь хэтийн төлөвийг үл ойлгох, цогц хандлагыг ухаарахгүй байгаад оршино.
-Ажилгүйдэлд нэрвэгдэн зовж шаналж буй Грек, Испанийн иргэдэд юу гэж зөвлөх вэ. Ийм хүнд байдалд орсны дараа тэд юу хийж чадах бол?
-Бид өөрсдөө эдгээр асуудлыг үүсгэсэн. Хүний гараар үйлдсэн хэрэг учраас логик үүднээс авч үзвэл эдгээр бэрхшээл, хүндрэлийг даван туулах чадвар хүмүүст бий. Ямар ч хүндрэл тулгарсан бид итгэл найдвараа алдаж болохгүй. Итгэн найдахын зэрэгцээ шийдмэг байж, шаргуу хөдөлмөрлөх ёстой.
“Есөн удаа бүтэлгүйтвэл ес дахин их хүчин чармайлт гарга” гэсэн Төвөдийн зүйр цэцэн үг байдаг. Хүнд цаг үеийг туулж байгаа хүмүүс өөрсдийн хүчинд итгэж, өөдрөг үзэлтэй байгаарай. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш