logo
Засгийн газрын 13 сайд томилогдлоо

Засгийн газрын 13 сайд томилогдлоо

2012/08/20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Засгийн газрын гишүүн, шинэ сайдуудаа томиллоо.  Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлгээс шинэ Засгийн газарт орж ажиллах 13 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, албан ёсоор танилцуулав. Улмаар ЗГХЭГ-ын дарга, Төрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлж, баталсан юм. 
Харин УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилуулах тухай саналыг оруулсан. Гишүүд тогтоолын төслийг хэлэлцэн, УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг 81.6 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Дээрх тогтоолыг батлахын өмнө УИХ-ын дэд даргад нэр дэвшигчид хандан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Чи албан тушаалын төлөө худал хэлж, юу ч хийхээс буцдаггүй. Хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж, гуйвуулдаг” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “С.Баярцогтод олон давуу тал бий. Тиймээс энэхүү нэр хүндтэй өндөр албан тушаалд томилогдоход харамсах зүйлгүй. Харин Оюу толгойн гэрээг засахад гар бие оролцож, засах ёстой. Та 1990-ээд оноос хойш төрд зүтгэж, төрийн олон албыг хашсан хүн” гэв.
Ийнхүү УИХ-ын дэд даргад АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэрийг дэвшүүлж баталсан бол МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн М.Энхболдын нэрийг дэвшүүлсэн юм.
Харин энэ удаагийн нэгдсэн чуулганаар МАН-ыг УИХ-д бүлэггүй хэмээн үзэж, УИХ-ын гишүүн М.Энхболдыг дэд даргад санал болгосон асуудлыг авч хэлэлцсэнгүй. Энэхүү шалтгаанаар МАН-ын 25 гишүүн завсарлага хүсч, чуулганыг орхин гарснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.
Хэсэг хугацааны дараа чуулган үргэлжилсэн юм. Хэдийгээр МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд дахин орж ирээгүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд, бие даагч нарын хооронд санал хураалтыг явуулж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэж, батлав.
Хамгийн эхэнд Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Болдыг ямар ч асуулт, саналгүй томилсон юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг гишүүдийн 100 хувийн саналаар Хууль зүйн сайдаар томиллоо. Тэрбээр “Хууль, шүүхийн байгууллагыг хүнийг айлгаж, сүрдүүлдэггүй, зөвхөн хүний эрхийн төлөө ажилладаг байгууллага болгохын төлөө хичээх болно. Хуучин социализмын үеийн цагдан сэргийлэх арга барилаас салгаж, мөрдөх алба, хэв журам сахиулах албадыг шинээр байгуулна” хэмээв.
УИХ-ын гишүүн А.Гансүхийг Зам, тээврийн сайдаар томиллоо. Түүнийг энэхүү өндөр албан тушаалд томилж, батлах үед асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжиж, баталсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар 95 хувийн саналаар дэмжиж, томилов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 97,2 хувийн саналаар Уул уурхайн сайдаар томилогдлоо.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг томилж, гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжлээ. Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг гишүүд 92,5 хувийн саналаар дэмжиж, баталсан юм.
Түүний дараа Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрийг дэвшүүлж 95,1 хувийн саналаар дэмжиж, баталсан. Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлэв. Гишүүдээс ямар нэгэн асуулт болоод санал хэлэх хүн байгаагүй тул шууд санал хураалт явагдаж, гишүүдийн 95 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг сайдын суудалд томиллоо. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдад УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гишүүдийн 94,9 хувийн саналаар томилогдсон юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар эрхэм гишүүн С.Эрдэнэ томилогдсон бол Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаярыг 99 хувийн саналаар дэмжиж, томиллоо.
Ийнхүү энэ удаагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-д өргөн барьсан 13 сайдын нэрийг баталгаажуулж, томилсноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш