МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн энэ амралтын өдрүүдэд нэлээд бужигнаантай байна. Учир нь УИХ дахь тус эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү уг албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон аж. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад, “Одоогоор батлагдаагүй байна, маргааш мэдээлэл өгнө” хэмээн хариуллаа. Харин эх сурвалжийн мэдээлснээр бол “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү маргааш 10.00 цагаас зарлагдах бүлгийн ээлжит хуралдаанд огцрох хүсэлтээ гаргах аж. Дашрамд сануулахад, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар өмнө нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдож байсан ч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон тул оронд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон юм. Гэвч тэрбээр бүлгийн дэд даргаас татгалзсан нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нарын томилгооноос үүдэж ийм шийдвэр гаргав уу, эсвэл эрхэм гишүүний санаанд нийцэх томилгоог намынх нь нөхөд хийж чадахгүй байгаагаас гомдлоо тайлахын тулд ийм шийдвэр гаргав уу гэдэг нууц хэвээр байна. Ойрынх нь эх сурвалжийн хэлснээр “Сайд нарын томилгоо хийгээд бусад асуудал дээр О.Баасанхүү гишүүн үгээ хэлдэг ч нөхөд нь хүлээж авдаггүй нь бүлгийн дэд даргаас татгалзах шалтгаан болсон” гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч тэрбээр өмнө нь Хууль зүйн байнгын хорооны дарга болох гэж зүтгээд баралгүй Ч.Улаан гишүүнд ялагдаж, улмаар бүлгийн дэд даргын албан тушаал дээр буусан ч эрх мэдэлгүй бүлгийн дэд дарга байснаас сул гишүүнээрээ үлдсэн нь нэрд цэвэр хэмээн үзсэн бололтой.