logo
Хотын дарга Хан-Уулын иргэдтэй уулзалт хийв

Хотын дарга Хан-Уулын иргэдтэй уулзалт хийв

2012/08/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хотын дарга “Гэр хороолол руу инженерийн шугам татах ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэх зорилго тавин ажиллаж буйгаа дуулгалаа. Харин иргэд өөрсдийн хашаа руу инженерийн шугамаа татаж оруулна, энэ ажилд иргэд санаачлагатай хандах ёстой. Аль аль талаасаа санаачлагатай байж гэмээнэ нийслэл агаарын бохирдолгүй хот болно” гэж байв. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд газар хамгийн хүнд асуудал болсон. Мөнгөтэй баян компаниудад газар олддог, жирийн иргэдэд хашааны булан ч олддоггүй. Тиймээс хууль зөрчин олгосон газрыг буцаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэний зэрэгцээ хотыг дахин төлөвлөх шаардлага байгааг санууллаа. Хотын төлөвлөлтийг хийхдээ хэдэн дарга нарын дунд ярилцаад шийдчихгүй иргэдээс саналыг нь сонсч, тэдний зөвшөөрөлтэйгээр хаана юу барихыг шийднэ. Шинэ төлөвлөлттэй холбоотойгоор зарим айл хашааны газраа чөлөөлөх тохиолдол ч гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд хот иргэнээ хохироохгүй байх талаас бүхий л арга хэмжээг авч ажиллана гэж хэллээ. Харин иргэд “Улаанбаатар хотоо агаарын бохирдолгүй хот болгоё гэж зорьж байгаа бол цахилгааны хөнгөлөлтийг зөвхөн хязгаарлалтын бүсэд амьдарч буй иргэдэд үзүүлээд бусдыг нь орхигдуулах байдлаар ялгавартай хандах ёсгүй” хэмээн захилаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш