logo
Их түйрэн дунд ирээдүй “гэрэлтэнэ”  /фельетон/

Их түйрэн дунд ирээдүй “гэрэлтэнэ” /фельетон/

2012/08/21
Ишш, зайлуул, энэ байгаль орчны сайдын суудал гэдэг урд насандаа багагүй нүгэл хийсэн хүний дайрч өнгөрдөг дамжлага мэт хүмүүс ярьдаг. Тун үгүйдээ өрөөнд нь ороход түйрэн босож, түймрийн утаа үнэртэн, хүр хорхой, цагаан эрвээхэй зэрэг шавьжнууд шавааралдан, гангийн нар шарж хатаж гарилдсан хүн ус нэхэн уйлагнах юм уу, алт угаасан ус улаанаар эргэлддэг гэж зарим амьтан бурна. Үнэндээ ширээ сейф хоёр нь шатаж, утасны нь аппарат хайлчихлаа л гэж дуулдахгүй юм. Саяхан залуу сайдыг УИХ-ын дарга араандаа "зууж", гишүүн Ганбаяр "залуу соёо"-гоор сүрхий "зурлаа" гэсэн. Тэр бол юу ч биш, залуу хүнийг сорьж байхгүй юу. Ааг бяр нь амтагдсан сайд маань сүүлийн үед "Түйрэн бол манай бахархал" гэж дуу алдах боллоо. Үүнийг "шахаанд" орсон юм уу, ядарсан хүний цөхөрсөн үглэл гэж хэн ч үзэхгүй. Яагаад гэвэл Монголын түйрэнгийн хэмжээ улам нэмэгдэж Хятад, Солонгосыг дайран Номхон далайн хар шуургатай нийлж даяарчлалын их хуй болон дэгдэж байна. Ингэснээр сайдын хэлсэнчлэн Монголд урсан орж ирэх их мөнгөний урсгалын голдрил тэлэгдэж байгаа хэрэг. Юмны учрыг олж, хужрыг тунгааж харна гэдэг энэ.

Монголчууд бид түйрэн "үйлдвэрлэх" талаараа толгой цохиж нөгөө дэлхийн улаан номд орохоор боллоо. Нэгэнт түйрэнгээрээ хангалттай мөнгө олох юм чинь ялихгүй жаахан ой мод, хөрс ургамлаа хямгадаж байгаа нь энэ гэж "голоо цохиод" байх хэрэггүй. Алтаа угааж Онги, Орхоноо ширгээж орхино уу, байна уу ямар хамаа байна. Хэрвээ хэзээ нэгэн цагт ой мод, гол мөрөн хэрэгтэй болбол мөнгөөр зодож байгаад л унаган төрхөөр нь худалдаад авчихна шүү дээ. Түйрэнгээ түргэхэн шиг мөнгөнд хөрвүүлчихвэл айх гайхах явдалгүй бөгөөд " цэнгэлийн манлайг олж болохыг бидний сэтгэлийн чин зориг мэднэ." Монголын газар нутгийн найман хувь нь ой модтой гэдэг. Энэ жаахан юмыг хамгаална, өсгөж үржүүлнэ гэж зардал заалхай болоод байх хэрэггүй юм. Хүр хорхой зэрэг шавьжийг устгана гэж онгоцоор баахан хор цацаад л, эсвэл "нэг мод тайрвал хоёр мод тарь" гэж захиргаадаад байх нь түйрэнжилтийг, цаашлаад Монгол руу чиглэсэн мөнгөний урсгалыг л саатуулж байгаа хэрэг гэж ойлговол зохино.

Түйрэнжих үйл явцыг байгаль дэлхий хүртэл "дэмжиж" ойрын жилүүдэд ган гачиг, зуд зурхан нүүрлэн, гол мөрөн ширгэж, мод ургамал сийрэгжиж цөлжилт геометрийн дэвшлээр хүрээгээ тэлж байна. Ой модыг сийрэгжүүлэхэд хүн "хорхой", хүр хорхой хоёр мөр зэрэгцэн "хөдөлмөрлөж" урьд өмнө үзэгдэж, сонсогдоогүй "амжилт" гаргаж намагших нөхцөлийг бүрдүүлж ирлээ. Ганц жишээ дурдахад хүн "хорхой" жилд сая гаруй шоо метр модыг элдэв аргаар устгаж байхад хүр хорхой тэргүүт шавьжийн "арми" сүүлийн арван жилд 300 мянга гаруй га газрын ой модны өсөлт хөгжилтийг саатуулан хуурайшуулж чадлаа. Хар л даа.
Улаанбаатар хотын ойр орчны ой модны дийлэнх хэсэг нь хөхий даагаад нэг л "нүнжигтэй" байгаа биз дээ. Энэ бол бидний хэтдээ өвөртлөх долларын нялзрай "үрийг" шавьжийн арми суулгаж өгөөд байгаа нь тэр. Хүр хорхойг бодвол хүн "хорхой" илүү ухаан зааж галын эрч хүч болон үйлдвэрийн хаягдал утааг их хэмжээгээр хэрэглэх болсон нь "үр дүн " илүү байна.
Зөвхөн 1996-1998 онд 700 гаруй удаа "түймэр" гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар түйрэнжилтийн гол "саад тотгор" бологч ой болон бэлчээрийн 30 гаруй сая га талбайг "үнсэн товрог" болгосон юм. Энэ бол бага зүйл биш бөгөөд "гавьяат түймэрчин" цолыг буй болгож зохих эздэд нь олгоход буруудах зүйл байхгүй.

Гуравдугаар цахилгаан станц мэтийн томоохон үйлдвэрийн газрууд хүхрийн оксид, ангидрид, азотын оксид, дэгдэмхий хий зэрэг алсдаа бөөн валют болох бодисуудыг агаарт цацаж эх орныхоо ирээдүйн төлөө үнэтэй "хувь нэмэр" оруулж байгааг дурдалтай. Мөн байгаль дэлхийн хөгжлийн "бүдүүлэг" үеийн үлдэц үлдэгдэл болсон заг, сухай, тооройт баянбүрдүүдийг устгахад манай говьчууд "Их говийн зоригт"-ууд гэдгээ харуулж Ээж хайрханы ар, өвөр хоолой, Захуй зарман, Эхийн гол, Заг Байдраг, Ингэн хөөврийн хоолой болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгийн загийг үндсэнд нь "цэвэршүүлсэн" нь өнөөгийн Монголын түйрэнгийн их ай сав болж "буян"-аа өгч эхэллээ. Бид ёстой, "Алтан дээр суусан гуйлгачин"гэдэг нь үнэн.

Түйрэнгээрээ хүртэл мөнгө олчихыг мэдэхгүй өдий жилийг ардаа орхих гэж... Тэгээд дээр нь ойжуулна, цөлжилтийг зогсооно, хортон шавьжийг устгана гэж өчнөөн, төчнөөн мөнгө шатааж байснаа бодохоор дотор харанхуйлах юм. Байгаль дэлхий минь хуулийнхаа л дагуу хүн бидний хөлд элэгдэж эвдэрч тоос болон хийсэн одсоноо доллар болон нисэн ирэх процессыг саатуулах гэж гүйдэг тэнэг хэрэг шүү. Дэндүү ойрыг бодож явж дээ.
Харин манай тариаланчид түйрэнжилтийн ашиг тусыг дэндүү эрт ойлгож энэ талаар их зүйлийг хийсэн. Одоо хэрнээ л "уринш хагална" гээд л хавар намаргүй л улаан түйрэн босгож өгнө. Наана нь Насанжаргал сайд нь "Улаанбуудайгаар улсаа хангана. Цаашдаа экспортод гаргана" гэж "хөшиг татан" тариаланчдынхаа "бизнес"- ийг нууцалж гэмгүй царайлна. Уг чанартаа бол буудай тарина гэж засгаас мөнгө гаргуулаад, буцахдаа элс тээж байгаа байхгүй юу. Энэ бол зүгээр нэг элс биш, ёстой Барс сайдын яриад байгаа нөгөө түйрэнжилтийн "доллартай элс" байхгүй юу. Ийм маягаар ажиллаж байгаагийн үр дүнд Сэлэнгэ, Төв аймгийн нутаг "хөөрхөн" түйрэнжиж алсдаа хүн олноор суурьшин доллар хормойлдог газар болох төлөвтэй байна.

Манайхны байгальтайгаа харьцаж байгаа бүхий л үйл ажиллагааг аваад үзэхэд хүр болон хүн хорхойн үйлдэл нь ч, алт угаалт нь ч, атар эзэмшилт нь ч, галын "наадам" нь ч бүгд түйрэнжүүлэх явц руугаа чиглэж байгаа нь "олзуурхмаар"... Нэг ёсондоо "түйрэн" хэмээх "хөзөр"-ийг гартаа атгаж ашигтайгаар эргүүлэн мөнгө хормойлно гэдгийг л манайхан залуу хөгшингүй ойлгосон байна л даа. Энэ янзаараа бол бид ойрын ирээдүйд эх орондоо элсэн «нөмрөг» өмсгөж бүгд тэрбумтан болно. Ер нь манай эрх баригчид Арабаас олон тэрбумтан төрсний учрыг судлаад элсэн цөлтэй холбоотой байсныг нь олж тогтоон түйрэнжилтийг эрчимжүүлээд байгаа юм биш үү.

Юм учиртай. Элс дагаж эрдэнэ ирэхийг хэн байг гэхэв. Ганц бөхтэй тэмээ хөтөлчихөөд цөлийн шуурган дундуур хормойгоо дэрвүүлж, Арабууд шиг алаг алчуур зангидчихсан алхана гээд бодоход их түйрэнжилтийн тоосон дунд Монголын ирээдүй "гэрэлтэж" байна. Бид ч энэ янзаараа бол хол явна даа, хол явна. Гадаадынхан "Эртний нүүдэлчин Монголчууд түүхээ шинээр эхлэхээр цөлжилтийн эрин рүү түүчээлэн нүүж одлоо. Аргагүй зоримог нүүдэлчид гэдэг нь харагдаж байна" гэж шуугих байх даа. "Чингисийн удам" гэж цээжээ дэлддэг үе хулжирч "Цөлжилтийн үр сад" гэж түйрэнгийн мөнгөөр "туйлах" цаг болж байна. Юутай "баяр", юутай "завшаан" бэ? Даанч буянд хэмжээ бий гэдэг. Юу болдог бол гэж бас эргэлзмээр.

Н.Даваадаш 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш