logo
Сирид ажиллаж байсан Япон сэтгүүлч амь эрсэдлээ

Сирид ажиллаж байсан Япон сэтгүүлч амь эрсэдлээ

2012/08/22
Сирид үргэлжилж байгаа иргэний дайныг сурвалжилж байсан Япон сэтгүүлч алагдсан талаар мягмар гаригт Японы засгийн газар мэдээллээ. Токиод төвтэй "Japan Press" телевизийн туршлагатай сэтгүүлч Мика Ямамото даваа гаригт Сирийн баруун хойд хэсэгт орших Алеппо хотод амь үрэгдсэн талаар Японы гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. 45 настай сэтгүүлч хамтран ажиллагсад болон Чөлөөт Сирийн Армийнхантай хамт явж байхдаа тэнэсэн суманд өртсөн гэнэ.
Японы засгийн газрын хэвлэлийн албаны дарга Осаму Фужимура мэдэгдэхдээ "Япон сэтгүүлч алагдсанд гүнээ харамсаж байна. Бид түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн" гэжээ.
Ямамото NTV-ийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байхдаа Афганистан, Иракийн дайныг сурвалжилж байсан юм. Түүний цогцсыг Турк руу шилжүүлсэн байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард "Sunday Times" сонины сэтгүүлч Мари Колвин, Францын гэрэл зурагчин Реми Очлик нар Сирийн Хомз хотод  амь үрэгдсэн.
НҮБ-аас мэдээлснээр Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 18000 гаруй хүн амь үрэгджээ. Мөн 170000 гаруй хүн гадны улсууд руу дүрвэсэн байна. Түүнчлэн Сирийн 2.5 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш