logo
Каракас хотын шоронд буудалцаан болох үеэр 20 гаруй хүн амь үрэгджээ

Каракас хотын шоронд буудалцаан болох үеэр 20 гаруй хүн амь үрэгджээ

2012/08/22
Өнгөрөгч ням гаригт Венесуэлын нийслэл Каракас хотын өмнөд хэсэгт орших шоронд үймээн дэгдсэн байна. "Yare I" шоронгийн хоёр бүлгийн гишүүд буудалцах үеэр 25 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Ямар шалтгааны улмаас буудалцаан болсон нь тодорхойгүй байгаа ч шоронгийн удирдлагууд нөхцөл байдлыг хяналтандаа авсан байна.
Шоронгийн хоригдлуудын зөрчил үймээн, цуст мөргөлдөөн нь ерөнхийлөгч Уго Чавезын засгийн газрын хувьд шийдэхэд хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байгаа юм. Венесуэлд шоронгийн хүрэлцээ муу, нэг камерт олон хүн хоригддог байна.
Буудалцааны үеэр шархадсан 43 хүний 29 нь хоригдол, 14 нь төрөл төрөгсдөө эргэхээр очсон энгийн иргэд байжээ. Буудалцааны эхлэх үед шоронд эргэлтээр очсон 900 орчим эмэгтэй байсан байна. 
Венесуэлд одоогоор 33 шорон байдаг бөгөөд тэдгээр нь 12000 хүний багтаамжтай. Гэвч албаны хүний мэдээлснээр тэдгээр шоронгуудад нийтдээ 47000 орчим ялтан хоригдож байгаа аж.
Венесуэлын судалгааны байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн онд энэ улсын шоронгуудад нийтдээ 560 орчим хүн алагджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш