logo
Кристин Ассанж: Миний хүү байр суурин дээрээ хатуу зогсох хэрэгтэй

Кристин Ассанж: Миний хүү байр суурин дээрээ хатуу зогсох хэрэгтэй

2012/08/22
Викиликс сайтыг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж Лондон хот дахь Эквадорын элчинд орогносоор байгаа юм. Өмнөд Америкийн хэд хэдэн улсын гадаад хэргийн сайд нар түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөд Америкийн орнуудын Холбоо хуралдаан хийж, Эквадор улс Ассанжид улс төрийн орогнол олгосон асуудлыг авч хэлэлцжээ. Хуралд оролцогчид түүнчлэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Гаагийн шүүхэд хандаж магадгүй талаар хэлсэн байна.
Ассанжийг Шведэд явж байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгаад байгаа бөгөөд түүнийг Швед рүү шилжүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч тэрээр өнгөрөгч зургадугаар сард Эквадорын элчинд ирж орогносон. Эквадорын гадаад хэргийн сайд Рикардо Патино Ассанжийг АНУ-руу шилжүүлбэл түүнийг шударгаар шүүхгүй гэдгийг баримтууд баталсан гэж мэдэгдсэн билээ. Учир нь компьютерийн мэргэжилтэн Ассанж 2010 онд Америкийн цэрэг арми, дипломат албаныхантай холбоотой нууц мэдээллүүдийг Викиликс сайтдаа тавьж, шуугиан тарьсан. Америкийн албаны хүмүүс Ассанжийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байгаа юм.
 
Түүний ээж хүүгийнхээ нөхцөл байдлын талаар ярьжээ. Кристин Ассанж хэлэхдээ "Өнөөг болтол хүү маань маш зөв шийдвэрүүдийг гаргасан. Өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсох хэрэгтэй. Түүний хэлснээр Америкчууд өөрсдийн үндсэн хуулиа зөрчиж буруу эргэлт хийсэн. Тиймээс түүхэнд буруу талаасаа бичигдэх болно. Швед, Англи улсууд ч буруу алхам хийсэн. Хүү маань зөв зүйл хийсэн учраас байр суурин дээрээ хатуу зогсох хэрэгтэй. Ихэнх хүмүүс, шударга ёс түүний талд байна" гэжээ.
Ассанж одоогоор Лондон дахь Эквадорын элчинд аюулгүй байгаа ч Английн засгийн газрын албаны хүмүүс түүнийг элчингээс гарсан даруйд баривчилж Швед рүү шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш