logo
Элэг бүтэн, эрс шинэчлэлийн төлөөх Засгийн газрыг шинжихүй

Элэг бүтэн, эрс шинэчлэлийн төлөөх Засгийн газрыг шинжихүй

2012/08/22
Ертөнцөд төгс төгөлдөр байхгүй гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн туйлын зүйл гэж хаа ч үгүй хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчихөөд байхад төгс төгөлдөр Засгийн газар 2012 онд зөвхөн Монголд л байгуулагдсан гэж итгэх нь хэтэрхий гэнэн хэрэг болох биз. Мөн ч их хүлээсэн дээ гэдэгчлэн Монголын төр засгийн эрхийг АН-ынхан "ах" наргүйгээр барих гэж бас ч гэж багагүй хугацааг үдсэн. Хэдийгээр 100 хувь ялалт байгуулж амжаагүй ч чамлахаар чанга атга гэж үг бий. Ард түмэн АН-д нэг итгээд үзвэл гэх бодлоор сонголтоо хийсний үр дүнд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын шинэ засаг Шинэчлэлтийн Засгийн газар гэх тодотголтойгоор байгуулагдлаа. Хэдийгээр уван цуван сайд нараа батламжилсан ч өнөөдөр л лав элэг бүтэн болчихоод байгааг хэн үгүй гэх билээ.

Энэ долоо хоногтоо багтаагаад дэдүүдээ тэгээд дараа нь Төрийн нарийн бичгийн дарга нар бас агентлагуудын "ахлах" нарыг томилчихно. Хөхөө өвлийн хүйтэн наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ цаг дор засаг эмхлэгдэж, улс орны хэмжээнд хүлээгдэж буй олон ажлыг түргэн шуурхай, мэдээж оновчтой зөв шийдэж цэгцлэхээс сайн юм гэж хаа байхав. Ажил урагшлах нь ээ гэж найдаж болохоор л байна даг. Амны билгээс ашдын билэг гэдэг хойно доо. Н.Алтанхуяг сайдын багийнхан ажлыг ч ёстой нэг умалзуулж өгөх байх даа гэсэн найдвар ард түмэнд байнаа, байна... Чухамдаа энэ их хүлээлт бас найдварын цаадтай Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад, ямар учраас гэх асуултуудыг араасаа дагуулан, ард түмний дунд "домог" мэт яригдах хов живэн дундаас шүүрдсэнээ тоймлон хүргэхээр шийдлээ.

Н.Алтанхуягийг анх Ерөнхий сайдын албыг хүлээж авах үест Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, болж өгвөл гаднаас кабинетаа бүрдүүлээрэй бас аль болох цомхон багаар ажиллаарай гэж аминчлан захисан. Харин Ерөнхий сайдтан багаа УИХ дотроос бүрдүүлсэн,.. бараг л шүүдээ.. Сайд нарын нэрс албан бусаар яригдаж эхлэхэд л арай ч Ерөнхийлөгчийн хэлснээс алд дэлэм зөрүүлэхгүй байх гэх хүлээлт нийгэмд үүссэн ч Ерөнхийлөгч маань хориг тавиагүй. Ерөнхий сайд ч хүссэнээрээ багаа бүрдүүлсэн. За тэгээд ажил хийх хүн хэнтэй гар нийлэхээ бодолцож байж шийдвэрээ гаргаа байлгүй гээд орхичихож болох л асуудал даа. Угаасаа ч үзэл бодол, хэл ам, гар хөл нийлдэггүй хүнтэй хамтарч ажиллах шиг золигийн юм байдаггүйг мэдэхгүй хэн байхав.

Гэхдээ эвсэж буй нөхөд ч мөн л эрхэм түшээдээ сайдаар зүтгүүлж, тамга тэмдэгтэй нь золгуулж дөнгөсөн. Эндээс харахад манай улс төрийн хүчнүүд хамаг л боловсролтой чадалтай, мэргэшсэн гэгдэх гишүүдээ намаасаа сорчилж, сонгуульд сойчихоод, өнөөдүүл нь түшээ болчихоод, өөр сул хүнгүйдээд, төрийн ажлыг хий гэж итгэчих хүнээр дутмагдаад байдаг юм болов уу гэх бодол төрснийг нуух юун.
Засгийн газар бүтэн болох үйл явцтай уралдан
МҮАН-ын гишүүн Батцэрэг тун хачирхалтай мэдэгдэл хийж, Монгол Улсын Засгийн газрыг экс Ерөнхийлөгчөөр барьцаалахыг ил тод санаарх-сан мэдэгдэл хийсэн ч дэмжлэг аваагүй гэдгийг "Шударга ёс" эвслийн сайд нар тамга тэмдгээ ёслол төгөлдөр гардаж авсан явдал нотолж орхисон. Яг энэ үеэр мөн л тус эвслээр овоглогдох Ц.Цолмон хоёр намаа нэгтгэх тухай уриалга гаргаж улс төрийн тогоонд чухамдаа бол шүдний өвчнөөр тодорсон эвслийнхний эв найрамдал ямаршуухан байгааг илчилж орхисон гэхэд үгүй гэх хүн ховор болов уу.

Товчхондоо МАХН-ын дарга шоронд буй энэ үед МҮАН-ын дарга М.Энхсайхан сайдын суудлаас татгалзаж, томоохон улс төрийн хүчний толгойлогч болгохыг санаархсан нь чухам л бэрсийн нүүдэл мэт алсыг харсан аргагүй оновчтой шийдэл биш гэж үү? Ц.Цолмонгийн эл мэдэгдэлтэй зэрэгцэн МАХН-ынхан МАН­аа бараадъя. Адууны үүлдэр угсаагаар яривал бид МАН-ынх. Н.Энхбаяр шоронд орчихсон гээд М.Энхсайханы цэрэг болохгүй гэх яриа гарсан. Гэвч МАН-ынхан "зовох цагт нөхрийн чанар гэдэг. Ид эгзэгтэй шийдвэрлэх "тулаан"-ы өмнө хаалга үүд саваад гарсан та нарыг намдаа эргүүлж авахгүй гэж гэдийсэн гэх. Хэрвээ энэ үнэн бол МАХН-ынхан даргагүйдэж эзгүйдэж чухам л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт байдалд орчихоод байгаа гэсэн үг. Хэдийгээр жаахан хачирхмаар үйл явдал Н.Алтанхуягийн Засгийн газартай холбоотойгоор гарсан шинэчлэлтийн засагт нэр цэвэр улстөрчид багтсан гэж хэлж болноо. Ихэнх нь гуравдагч оронд боловсрол эзэмшсэн идэр насныхан. Тэр ч утгаар нь Ерөнхий сайдын зоримог алхмыг үнэлэхгүй байхын аргагүй.

Шинэчлэлийн уур амьсгалыг энэ Засгийн газраас харж болно. Дор хаяж л энэ засагт, би сайд болъё гэж гуйгсад багтаагүй. Гэхдээ эндээс нэг юм ажиглагдаад буйг улстөр судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буйг хэлэхгүй өнгөрч бас болохгүй. Н.Алтанхуяг багтаа гуравдагч оронд боловсрол эзэмшсэн хүмүүсийг багтаасны цаадтай чөлөөт ардчилалд итгэдэг хүмүүсийг оруулж ирсэн гэх ойлголт байгаа нь баараггүй. Гэхдээ л судлаачид "Н.Алтанхуяг ардчиллын бус коммунизмын бодлого оруулж ирлээ "гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Хэрэвзээ хийдүүлж хилсдүүлж байна гэж хардаж байгаа бол 50 жилийн өмнө Монголын улс төрийн уур амьсгал, бодлого ямархан байсныг эргээд нэг хараарай.

Ийнхүү Монголын түүхэнд зургаан яамаа орхин түрүүлж 13 сайд нь ажлаа хүлээлцсэн гэх шинэ тэмдэглэлийг үлдээсээр Шинэчлэлтийн Засгийн газар ажилдаа орлоо. Томилогдсон сайдуудыг ажихуй Монголын улс төрд шинэчлэл авчрах байх гэсэн итгэл ирж байна, яалт ч үгүй. Тэгэхээр одоо өдөрт 12 цаг ажиллах сайдууддаа амжилт хүсье... Шинэ юм гэж ор тас мартагдсан хуучин юмыг хэлдэг ч шинэчлэлтийг хийгээсэй гэж эгэл түмэн чинь хүсч, хүлээж байгааг сануулахад илүүдэх юун...

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН
Н.Алтанхуяг-Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Д.Тэрбишдагва-Шадар сайд
Л.Болд - Гадаад харилцааны сайд
Х.Тэмүүжин - Хууль зүйн сайд
Ц.Баярсайхан - Барилга, хот байгуулалтын сайд
А.Гансүх - Зам, тээврийн сайд
Д.Ганхуяг - Уул уурхайн сайд
Я.Санжмятав - Хөдөлмөрийн сайд
С.Эрдэнэ - Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Н.Батбаяр - Эдийн засгийн хөгжлийн сайд
Л.Гантөмөр - Боловсрол, шинжлэх ухааны сайд
Ц.Оюунгэрэл - Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Х.Баттулга-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
Д.Бат-Эрдэнэ-Батлан хамгаалахын сайд
С.Оюун-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
Ч.Улаан-Сангийн сайд
Н.Удвал-Эрүүл мэндийн сайд
М.Сономпил-Түлш эрчим хүчний сайд

З.Урансүх
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш