-Цагаанаа шатар тоглох болсон тухайгаа яриач?
-Би жаахан байхдаа ээжтэйгээ дэлгүүр явж байгаад нэг байшингийн гадаа олон хүүхдүүд шатрын тухай ярилцаж байхыг сонссон. Энэ нь Ганбаатар багшийн “Алаг морьт” шатрын клубийн хүүхдүүд байсан. Тэгээд ээждээ орж үзэе гэж хэлээд Д.Ганбаатар багштайгаа танилцаж, маргааш нь л шавь нь болсон. Багш намайг жаахан гэж гололгүй шавиа болгосонд дандаа баярлаж явдаг. Тэнд би гурван жил суралцсан. Олон тэмцээнд оролцож, дандаа шагналтай ирдэг болсон. Ээж намайг одоо жаахан гүнзгийрч суралцах хэрэгтэй гээд Сүхбаатар сумын 4-р сургуулийн шатрын клубын багш Р.Баянбайгаль дээр авчирч хичээллээд одоо нэг жил болж байна. Манай багш сүүлийн 20 жил улсын аваргын тэмцээнд аймгаа төлөөлж оролцож ирсэн, шатрын спортын мастер их сайн хүн бий. Мундаг олон шавьтай. Багш дээр ирээд миний зэрэг ахиж, бүр Буриадын олон улсын тэмцээнд хоёр ч удаа явж, алтан медальтай ирсэн. Би шатар тоглохоороо ядрахаа мартдаг. Багш намайг тэвчээртэй, уйгагүй сайн охин гэж магтдаг. Тэвчээргүй, хурц зантай хүн шатарчин болж чадахгүй гэсэн. Ээж маань манай сургуулийн бага ангийн багш хийдэг. Миний эмээ ч бага ангийн багш байсан. Тийм болохоор би их жаахандаа үсэг нүдэлж, гурван настайдаа ном уншиж сурсан ш дээ.
- Ямар мундаг юм бэ? Чи клубдээ Алтанбулагаас Сүхбаатар хүртэл явдаг байх нээ. Долоо хоногт хэдэн удаа явдаг юм?
-Өдөр болгон таксинд суугаад ирдэг. Тамирчин хүн бэлтгэл сургуулиа тогтмол хийхгүй бол амжилт гаргахгүй гэж багш хэлдэг. Манайх тийм ч боломжтой айл биш л дээ. Би ээж, эмээ, дүүтэйгээ амьдардаг. Зардал гардаг ч гэсэн би шатарт их дуртай. Тэгээд ч ээж, эмээ хоёр маань миний амжилтанд урамшиж, миний төлөө бүхнээ зориулж, дэмждэг болохоор заавал амжилт гаргана гэж боддог.
- Р.Баянбайгаль багш чиний амжилтыг жил бүр өсч байгаа гэж ярьсан. Сүүлийн жилүүдийн амжилтаасаа яриач ?
-Би аймгийнхаа өсвөрийн шатарчдын тэмцээний гурван удаагийн аварга болсон. Энэ оны өсвөрийн шатарчдын улсын аварга тэмцээнээс хүрэл медаль, ОХУ-ын Буриадын Хиагт хотод болсон олон улсын тэмцээнээс алт, “Математик” сонины нэрэмжит олимпиадаас бас алтан медаль хүртсэн. Бас “Кенгуру-2012” олон улсын математикийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэзээ, хаана болох юм?
-Энэ оны 11-р сарын 17-19-ны өдрүүдэд Словян улсын нийслэл Марибор хотод болно гэсэн. Манай Монголоос баг тамирчид явна. Уг нь багштайгаа явчихмаар байна. Бид хоёрын зардал нийлээд 6500 евро болох юм. Манай ээжийн нэр дээр Хадгаламж банкны 36000026911 данс байгаа. Энэ ярилцлагыг уншсан хүмүүс бидэнд хандвал маш их баярлана. Би чадна аа.
Ийм хөөрхөн хэвлүүхэн охин эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар хичээл ном, их спортод шамдан жаахан биедээ хүндэдсэн ачаа үүрэн зүтгэж явна.
Ярилцсан Р.БУМДАРЬ
МОНЦАМЭ