УИХ дахь МАН-ын гишүүд өөрсдийгөө бүлэгтэйд тооцож, бусад нь бүлэггүй хэмээн бөөрөлхсөөр анхдугаар чуулганыг өндөрлүүлэв. Гэхдээ юм нэгээр дуусдаггүй гэгчээр анхдугаар чуулганы хаалтын үеэр хэзээ л бол хэзээ МАН-ын бүлгийг “байгуулах” боломжтой гэдэг тайлбарыг спикер өгч байлаа.
Хамгийн гол нь АН-ынханд УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлд нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрийг УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг хасах тухай хуулийн төсөл өргөн барих хэн нэгэн хүн хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь бүлэггүй гээд байхад МАН-ынхан дээрх хуулинд өөрчлөлт оруулахгүй гээд гүрийчихсэн байсан билээ.
Харин түүнийг нь ИЗЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Шударга ёс” эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар өргөн барьж, АН-ынханд буян үйлдсэн нь ёстой л бат бөх гэгч нь “эвссэнээ” харууллаа.Тиймээс АН-ынхны тооцоогоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс өмнө айдаггүйгээ авдрандаа хийж авчихаад дээрх хуулинд өөрчлөлт оруулж, МАН-ын бүлгийг “зарлан тунхаглах” ажээ. Тэдний цаад санаа нь УИХ-ын даргаа хууль бусаар томилогдсон гэдэг нэр зүүлгэж “мултлуулахгүйн” төлөө хийж буй яаралтай арга хэмжээ юм.
МАН-ыг бүлэггүйд тооцсоноор АН-ынхан эхний ээлжинд УИХ болон Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрсдийнхөө хүссэнээр өөрчилж, бас томилж чадсан. Засгийн газраа 19 сайд, 16 яамтай байхаар тогтсон. Гэтэл 19 сайдын 17 нь парламентын гишүүн. Уг нь АН-ынхан “УИХ-ын гишүүний ажлаа барахгүй байж давхар Засгийн газрын гишүүн байна гэдэг бүтэхгүй зүйл. Ажил цалгардана” гэж ирээд л учиргүй намжирддаг байсансан.
Түүнчлэн төрийн аппарат нүсэр болно, албан тушаал нэмэхгүй гээд баахан номчирхдог байв даа. Тэгсэн шуурганд уруудах гэдэг шиг л юу юугүй яаравчлан Засгийн газраа байгуулж, санаагаа амраацгаалаа. “Бүлэггүй” гэдэг ганцхан үгээр сөрөг хүчний 25 нөхрийн “хандыг дарсандаа” тэд энэ засгаа байгуулж байгаа юм байна л даа.
Одоо тэд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн батлах шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс хэсэг хугацаанд МАН-ын бүлгийг үл зөвшөөрсөн байр сууриа хадгалж байх нь хамгийн зөв шийдэл. Тэгсэн тохиолдолд МАН чадамжгүй учраас сөрөг хүчний дуу хоолойгүйгээр дахин санасандаа хүрэх боломж нь бүрдэх болно.
Ингэснээр АН-ынхан Орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломжоо хангах юм байх. Харин МАН-ын хувьд нэгэнт Үндсэн хууль зөрчөөгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа учраас “бууж өгч”, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэрийг хүлээх нь тэдний хувьд хуулиа дээдэлсэн болж харагдана гэсэн үг.
АН-ын дараагийн алхам нь УИХ-ын тухай хуулийн 27.1.4-т заасан “нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах” гэснийг өөрчлөх бодолтой байгаа бололтой. Учир нь өөрсдөө цөөнх байхдаа дургүйгээ хүрэхээр завсарлага авдаг байсан. Харин одоо бол олон суудалтай учраас МАН-ын бүлэг хэт урт удаан хугацаагаар завсарлага авчих вий гэдгээс болгоомжлон, энэ заалтад хугацаа заах төлөвлөгөөтэй байгаа сурагтай.
Ингэхээр үндсэндээ МАН-ынхан бүлгээ хүлээн зөвшөөрүүлсэн ч аливаа асуудалд завсарлага авах эрх нь хязгаарлагдмал болох юм. Нэгэнт завсарлага авахад хугацаа заачихвал хүссэн, хүсээгүй тухайн цагтаа буцаж хуралдаа орох шаардлагатай болно. Тиймээс зөвшилцөлд хүрэхгүй бол олонх гараа өргөөд өөрсдийнхөө таашаалд нийцүүлэн шийдвэрүүдээ гаргасаар байх биз ээ.
Энэ мэтчилэн МАН-ын бүлэгтэй эсэх асуудлын ард шийдвэрлэхээс аргагүй олон алхам байжээ. Цөөнхийн байр суурин дээр олон жил суусан АН-ынхан ямар хуулийн заалтаар олонхыг шантаажилж байснаа маш сайн мэддэг болсон. Тиймээс тэдгээр хуулийн заалтыг өөрчилж, сөрөг хүчнийхээ амыг барьж, номхруулахаар шийдсэн бололтой.