logo
Анхны багшдаа жип бэлэглэжээ

Анхны багшдаа жип бэлэглэжээ

2012/08/24
"Лондон-2012" зуны ХХХ олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 72 кг-д түрүүлсэн оросын тамирчин Н.Воробьева Эрхүү мужийн төрөлх Тулун хотдоо хоёр хоног зочлох үедээ анхны багш дасгалжуулагч Камиль Камильевич Жиганчиндаа "Nissan X-Trail" хийцийн жип хөнгөн автомашин бэлэг болгож өгсөн байна.
Тэрбээр "Төрөлх хотоосоо Санкт Петербург хотод шилжин явахдаа анхны багшдаа олимпийн наадамд аварга болох юм бол автомашин бэлэглэнэ гэж амласан, тэгээд олимпийн аварга болоод амлалтаа биелүүлж байгаадаа баяртай байна. Арван настай байхдаа спортын танхимаар орж сонирхож явахад минь Камиль Камильевич багш маань тааралдаад чөлөөт бөхийн спортоор хичээллэхийг зөвлөж шавиа болгосон. Бид хамтдаа таван жил ажилласан. Багш маань бөхийн спортын сайхныг надад мэдрүүлж эхлэлийг маань зөв тавьж олон мэх зааж сургасан, одоогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид багшийн маань зааж сургасныг засварлаж төгөлдөржүүлсэн. Би Эрхүү мужид чөлөөт бөхийн спортыг өргөн хөгжүүлэхийг зорьж байна, мужийн амбан захирагчийн орлогч хүлээн авч уулзахад би бодол саналаа хэлсэн. Эрхүү хотод чөлөөт бөхийн танхим баригдаж байна, манай Тулун хотдоо чөлөөт бөхийн танхим нээж өөрийнхөө нэрэмжит болгох зорилготой байна." хэмээн ярьжээ.
Д.Өлзий

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш