logo
Австралийн цагдаа гивлүүр хуулах эрхтэй болов

Австралийн цагдаа гивлүүр хуулах эрхтэй болов

2011/07/06
Австралийн өмнөд Уэльс мужийн цагдаа нарт гивлүүр, бусад төрлийн багийг  хуулах эрх өгсөн гэнэ. Ингэснээр мужийн цагдаагийн газар гэмт хэргийн сэжигтнийг мөрдөх ажлыг хөнгөвчилнө гэж үзэж байна. Гивлүүр эсвэл багаа хуулахыг эсэргүүцсэн хүнийг мужийн хуулиар торгууль ноогдуулж, нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноох юм. Лалын шашинт эмэгтэйчүүдийн гивлүүр болзошгүй гэмт хэргийн сэжигтнийг тогтооход саад болж байна гэж тус мужийн шүүгч үзэж байгаа ажээ. Мужийн Исламын удирдагчид ч захиргааны энэ шийдвэрийг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн даваа гаригт гаргасан шийдвэрийн дараа мужийн захиргааны нэгэн албан тушаалтан “Гивлүүр, мотоциклийн малгай, баг, ер нь юугаа зүүх нь хүний эрх. Гэвч өөрийгөө хэн гэдгийг таниулахын тулд цагдаа нарын шаардлагыг заавал биелүүлэх ёстой” гэжээ. 

Цагдаа нар дээрх шийдвэрийг баяртай хүлээн авсан бөгөөд цагдаа болон олон нийтийн хоорондох үл ойлголцлыг арилгахад чухал шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа гэнэ. Өнгөрсөн жил Карнита Мэтью гэгч лалын шашинт эмэгтэй согтуурлын хэмжээг тогтоох ердийн шалгалтын үед гивлүүрээ авахаас татгалзсанаас зургаан сар шоронд хоригдох ял сонсч байсан юм. Бүсгүй гивлүүрээ аваагүй учраас шүүх түүний буруутайг тогтоож чадаагүй байна.

Н.Энх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш