Европын Комиссын Хөгжил, хамтын ажиллагааны алба уран олборлох төсөлд зориулж Монголд 2.5 сая еврогийн тусламж үзүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Монголоос уран олборлох уг төсөл нь Төв Ази дахь уран олборлолтын асар том төслийн нэг хэсэг ажээ. Европын Комиссын Хөгжил, хамтын ажиллагааны албанаас тусламж болгон өгсөн 2.5 сая еврог ураны олборлолтын аюулгүй ажиллагааг хангахад зориулах юм байна. Төслийн хүрээнд радио идэвхит бодис, усан дахь химийн бодисын хэмжээг хянаж, байгаль орчны нөхөн сэргээлт, альфа, ветта, гамма хорт туяаны хэмжээг тогтоох технологийг сайжруулах мэргэжилтэн, шинжээч нарыг бэлтгэх аж. Төв Азийн Казакстан, Киргизистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Монгол зэрэг оронд хэрэгжүүлэх уг төсөл ураны олборлолтын талаар асар өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох гэнэ.
Н.Энх
Н.Энх