logo
Д.Дагвадоржид Монгол Улсын хууль хэрхэн үйлчлэхийг харах үлдлээ

Д.Дагвадоржид Монгол Улсын хууль хэрхэн үйлчлэхийг харах үлдлээ

2012/08/25
Д.Дагвадорж МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зодсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх мэдээллийн дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагаас Д.Дагвадоржийг хайж эхэлсэн тухай мэдээлж байна.
Тэрбээр М.Наранбаатарыг зодсоныхоо дараахан Есөн зүйлд харагдахгүй байсан ажээ. Энэ тухай МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байв. Мөн тэрбээр “Тэр том биетэй хүн чинь хүн хорихын завдалгүй л гурван удаа дэлсчихдэг юм билээ. Тухайн үед цагдаа нар ирсэн л дээ. Тэгэхдээ эр хүмүүсийн хооронд байх л асуудал гэж бодоод цагдаад өгөөгүй. Энэ асуудлыг нэг их дэвэргээд яах вэ дээ гэж бодож байна” хэмээжээ.
Үнэхээр Д.Дагвадоржид зодуулсан бусад хүн ч мөн л түүний нэр төр, алдар хүндийг бодоод гомдол мэдүүлдэггүй, мэдүүлсэн ч буцаагаад авчихдаг байсан. Гэтэл өдгөө Д.Дагвадорж тэдгээр хүмүүсийн хүндлэлийг үл ойшоож, харин ч өөрийнхөө бяр хүчин сагасаар яваа нь даанч харамсмаар. М.Наранбаатарын ярьж буйгаар ам нь урагдаж, хоёр шүд хөдөлсөн гэнэ. Тэгсэн хэрнээ хэсэгтээ л монгол түмний бахархал явсан гэдгийг нь бодоод гомдол гаргахгүй гэж бодсон ажээ. Тэглээ гээд Д.Дагвадорж хариуд нь утсаар ярихдаа мөн л “Ална аа чамайг” гэж хашгирч байсан гэж байгаа.
Тэгэхээр Д.Дагвадорж гэж чухам хэн бэ гэдгээ харуулаад байгаа нь илэрхий болж байна. Хэдий сархад савнаасаа бусдыг дийлдэг хэмээдэг ч Их аварга гэдэг нэр хүндийг хариуцлага дагаж байх ёстой шүү дээ. Үүнийг бодож тунгааж чадахгүй яваа Д.Дагвадорж дараагийн удаа чухам хэзээ, хэнийг хаана зодсон гэж дуулдах бол. Хууль, хүчнийхэн ч гэсэн нэр хүндийн өмнө бөхөлзөж, бурууг мэдээгүй мэт өнгөрүүлсээр байгаад эцэст нь амаа барих айхтар хэрэг гарвал яах вэ.
Хүний цохилуур таарах гэж байдаг. Муу ёрлож буй мэт санагдавч хүн хэлэхээс нааш гэдэгчлэн хэзээ нэгэн цагт Д.Дагвадоржийн гарт хэн нэгэн үрэгдсэн тохиолдолд амийг нь нэхээд сууж байх болж байна уу. Алдартай байгаад хуулийн дээгүүр алхдаггүйг хуучин Ерөнхийлөгч нь ч биеэр амсаад сууж байгаа биз дээ.
Хатуу хэдий ч хариуцлага тооцох ёстой Д.Дагвадоржоос хавийн хүн айж, бөхөлзөж явах учиргүйг бас санах л хэрэгтэй болов уу. Тиймээс Д.Дагвадоржид Монгол Улсын хууль хэрхэн үйлчлэхийг харах үлдлээ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш