logo
Сургуулилтын тэсрэх бөмбөгийг цэргүүд хаясан байж магадгүй гэнэ

Сургуулилтын тэсрэх бөмбөгийг цэргүүд хаясан байж магадгүй гэнэ

2012/08/27
Баасан гарагийн өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тэсрэх бөмбөг байж болзошгүй сэжиг бүхий ууттай зүйл илэрч, багагүй сандаргасан билээ. Нисэх буудлын хогийн савнаас олдсон зүйлийг цагдаа, онцгой байдлын алба хаагчид шалгаж, хэргийн газарт Зэвсэгт хүчний 084 дүгээр бүлэг ажилласан юм.
Хүчний байгууллагынхныг түргэн авахуулсан энэ хэргийн талаар нисэх буудлын удирдлагууд мэдээлэл хийхдээ “Өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зорчигчдыг бүртгэх танхимын хогийн савнаас ууттай, үл мэдэгдэх тэсрэх бодис олдсон. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан.
Шалгалтаар сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсныг илрүүлсэн. Тиймээс тэр зүйлийг хэн авч ирсэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Одоо олон улсын нислэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Зорчигчдын нислэг саатсан хохирлыг тухайн авиа компаниуд хариуцахаар болсон” хэмээсэн билээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг бодисыг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилтад оролцсон АНУ-ын цэргүүд үлдээсэн байж болзошгүй гэнэ. Тэд баасан гарагийн өглөө нисэхдээ онгоцонд оруулж болохгүй эд зүйлийг хогийн саванд хаясан нь энэхүү сургуулилтын тэсрэх бөмбөг байж магадгүй ажээ.
Ямартай ч энэ хэргээс болж “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ажилтнууд, зорчигчид нэлээд сандралдаж, олон улсын нислэг 3:40 цагаар хойшилсон юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш