logo
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ

2011/07/06
Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд улам тэлж, санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцаа өргөжиж байгаагийн хэрээр энэхүү үйл ажиллагааг зохицуулсан харилцааг сайжруулах шаардлага нэн тэргүүн тавигдаж байгаа. Энэ ч үүднээс УИХ, Засгийн газраас үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэх, түүнийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх талаар бодитой ажлууд хийгдэж байгаа. Энэ удаагийн Сангийн сайдын зөвлөлийн хурлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд үнэт цаасаа нийтэд анх удаа санал болгон гаргах /IPO/ болон анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаатай холбоотой харилцааны тодорхой зохицуулалт байхгүйгээс үнэт цаасны зах зээлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд, зардал багатай татах боломжийг нээж чадахгүй байгаа. Мөн дэлхийн томоохон биржид бүртгэлтэй уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд монгол улсад үнэт цаасаа арилжаалах сонирхолтой боловч түүнийг бүртгэх, арилжих, үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хуулиар зохицуулагдаагүй. Энэ утгаар  зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татахад хүндрэл болж байгаа юм. Нөгөө талаас гадаадын компаниуд манай улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах сонирхол их байдаг боловч эрх зүйн зохицуулалтын орчин хангалттай бус гэсэн болгоомжлол байсаар байна. Энэ мэт тус хуулинд шинээр зохицуулах асуудал их гарч байгаа тул энэ талаар анхаарах ажиллах ёстойг зөвлөлийн хурлаар ярилцлаа. Түүнчлэн Монголын санхүүгийн харилцааг зохицуулж байдаг гол гол хуулиудын хоорондын уялдаа холбоо болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгааг судлах, нэгдсэн дүгнэлт гаргахыг ажлын хэсгүүдэд үүрэг болгож, 9 сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болгож ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш