logo
Зарим агентлагийг татан буулгалаа

Зарим агентлагийг татан буулгалаа

2012/08/28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа хүлээн авсныхаа дараахан төрийн албыг  чадварлаг, цомхон, мэргэжлийн болгож, яамнаасаа том, данхайсан 43 агентлагийн ажил, үүргийн давхардлыг арилгаж, хүнд суртлын шат дамжлагыг цөөлнө гэдгээ мэдэгдсэн юм. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим агентлагийг татан буулгаж, холбогдох яамдад нь шилжүүллээ. Ингэснээр Засгийн газар тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17, нийт 28 агентлагтай болж байна.

Хуралдаанаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг татан буулгалаа.

Татан буугдсан агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Шилжиж ирсэн ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж, агентлагийн зарим чиг, үүргийг Улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх, агентлагийн орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтцийн талаар санал боловсруулж Ерөнхий сайдад танилцуулан Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг сайд нарт даалгажээ.

Мөн хуралдаанаар яамдын бүтцийн талаар хэлэлцлээ. Өмнө нь байсан 11 яамыг 16 болгосон хэдий ч орон тоог нэг ч хүнээр нэмэхгүй, халах, цомхотгохыг урьтал болгохгүй байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сануулж байлаа. Ямар ч байсан бүх яамны бүтцэд Бодлого, төлөвлөлтийн, Хэрэгжүүлэлтийн, Төрийн захиргаа, удирдлагын, Хяналт, мониторингийн газар байгуулах нь зүйтэй гэдэгт зарчмын хувьд санал нэгдээд байна.  Гэхдээ бүтцийн талаар бүх сайдтай дахин ярилцахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУД

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш