logo
МОНЦАМЭ шинэ бэлэг барилаа, хүлээн авна уу?

МОНЦАМЭ шинэ бэлэг барилаа, хүлээн авна уу?

2012/08/28
Монголын хэвлэлийн түүхэнд анхдагч гэх нэгэн шинэ хуудсыг нээсэн байгууллага бол МОНЦАМЭ. МОНЦАМЭ гэдэг нэрийг өнөөдөр хэлд орох нялхаас таяг түшсэн хөгшид хүртэл андахгүй гэхэд хилсдэхгүй. 
Үүнийг батлах БАТЛАМЖ ч бидэнд байна. "Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921.07.19-нөөс эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж буй үндэсний хэмжээний анхны агентлаг мөн болохыг сэтгүүл зүйн шинжээчдийн баг нотолсныг үндэс болгон монголын үндэсний сэтгүүл зүйн түүх шатирт мөнхрөх АНХДАГЧ хэмээн МСЭ мэргэжлийн байгууллагын хувьд батламжлав. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид. 2012.03.16. Улаанбаатар хот" гэсэн өргөмжлөл манай агентлагийн гол хаалгаар оронгуут тосдог.
Монголын цахилгаан мэдээний агентлагийг анх МОНТА гэж нэрлэж байсан. Дэлхий дахинд анх удаа Монгол Улс хувьсгал хийж эрх чөлөөгөө олсныг МОНТА мэдээлэхдээ "МОНГОЛЧУУДЫН БОСЛОГО. Чита. 1921 оны 3 дугаар сарын 23. /Дальта/.
Троицковская /Дээд шивээ/-гаас авсан мэдээнээс үзвэл Унгерн, Комаровский нарын удирдсан хэрмэл дээрэмчин бүлэг цагаантан хийгээд санаа сэтгэлээр бүрэн дампууран унасан Хятадын цэргийн эрхтний аллага таллаганд нэрвэгдсэн монголчууд тэмцэн босч Маймаа /Хиагт/ суурин болон түүний ойролцоох газруудыг байлдан эзлээд Монгол Ардын Засгийн газрыг зарлан тунхаглав. ... хилийн раойноос мэдээллээ. /РОСТА/ " гэсэн байдаг. МОНТА буюу МОНЦАМЭ-гийнхан 1922 оноос орос, монгол хэлээр "Бюллетень МОНТА" сонинг ч гаргаж байсан. МОНЦАМЭ анхнаасаа Монгол Улсыг дэлхий дахины сонорт хүргэн цаашдаа эх орныхоо шинэ бүтээн байгуулалт бүхний түүхийн хуудсыг нээн олон улсад дамжуулдаг монголын нэрийн хуудас болсон юм.
МОНЦАМЭ-д өнөөдөр 1929 онд хятад хэлээр гарсан "Мэнгу Сяосибао", 1942 онд орос хэлээр гарсан "Новости Монголии", 1956 оноос англи хэлээр гарсан "Өнөөгийн Монгол Улс", 1991 онд англи хэлээр гарсан "Монгол мессенжер" сонин, 1992 оны 5 дугаар сарын 10-нд уламжлалт монгол бичгээр гарсан "Хүмүүн бичиг" сонин, 2003 оны 10 дугаар сард япон хэлээр гарсан "Монгорү Цүүшин" сонин, 2008 онд байгуулсан Гэрэл зургийн студи, 2010 оны 1 дүгээр сарын 1-нд байгуулсан МОНТА телестуди тус тус ажиллаж байна. Мөн дотоод мэдээллийн редакциас эрхлэн гаргаж байсан "МОНЦАМЭ мэдээ" сонины бааз суурийг түшиглэсэн өдөр тутмын мэдээ, мэдээллийг таван хэлээр түгээдэг www.montsame.mn цахим хуудас, өдөр тутам англи, орос хэл дээр гардаг / ногоон ба цагаан гэж нэрлэгдсэн/ шуурхай мэдээний товхимол, жил бүрийн "Monqolia" лавлагааны ном, DVD, зурагт хуанли, ил захидлын цомог зэргийг хэвлэн түгээсээр байна. Дэлхийн түгээмэл хэл дээр гаргаж буй эдгээр сонин, сэтгүүлүүд дэлхийн болон монголын мэдээллийг шуурхай солилцох цаг үеийн хэрэгцээг мэдрэн ажилладгийг онцлон дурдалтай. Тэрчлэн Монгол Улсын шинэ хөгжлийн түүчээнд МОНЦАМЭ ямагт тэргүүлсэн хэвээр яваа болоод дэлхийн цахим мэдээллийн эгнээнд дөрөө харшуулан алхаж буйг өнөөдрийн таван хэлээр зэрэг гарч байгаа www.montsame.mn вэб сайтаас харж болно.
Мөн манайх өдөр бүр дэлхийн мэдээллийн тэргүүлэгч агентлаг Ройтерс, Итар ТАСС, Синхуа зэргээс гадна бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллага ОАНА -ын гишүүн 30-аад орны 40 гаруй мэдээллийн агентлагаас шинэ мэдээллийг авч, шуурхай орчуулан монголынхоо нийт хэрэглэгчдэд хүргэж байдаг юм.
Өнгөрсөн жил Ази-Номхон далайн бүс нутгийн нэгдсэн байгууллага /ОАНА/-ын Гүйцэтгэх зөвлөлийн 33 дугаар, редакци, техникийн 27 дугаар хуралдааныг ч Улаанбаатар хотноо МОНЦАМЭ үлгэр жишээчээр хийж гишүүн орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын талархлыг зүй ёсоор хүлээсэн.
Энэ бүх туршлага, үндэсний анхны мэдээллийн агентлагийн хувиар Монголд анх удаа сар тутам гарах шилдэг мэдээ, мэдээллийн "МОНЦАМЭ ДЭЭЖ" сэтгүүлийн анхны дугаараа Та бүхнийхээ гар дээр намрын эхэн сард оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийн цагтай давхцуулан оюуны шинэхэн бэлэг болгон тавьж байна.
Энэ сэтгүүлээр Та бүхэндээ МОНЦАМЭ агентлагийн хамт олны нөр их хөдөлмөрийн хүч, оюун мэдлэг, олон хэлний төгс чадвараар дэлхийн мэдээлэл, монголын мэдээллийг цаг алдалгүй солилцдогийг онцлон мэдүүлье гэж хичээлээ. Цаашид Та бүхэн сар бүр сэтгүүлийн шинэ дугааруудаас улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, соёл гэх мэт улс орны амьдралын бүхий л хүрээнд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн бодитой эх сурвалжаас үнэн шударга, тэгш тэнцвэртэйгээр хүлээн авч байх болно. МОНЦАМЭ ямагт таны өмнө Монголын болоод дэлхийн шилдэг, шинэ, сонин хачин, танин мэдэхүй, шинжлэх ухаан, хэл, соёл, түүх, бизнесийн сонирхолтой мэдээллийг "МОНЦАМЭ ДЭЭЖ"-ээрээ дээжлэн хүргэж чадвал бидний зорилго биелэх юм.
Манай сэтгүүлийг уншигчид шинэ улирлын захиалгаар захиалан уншиж болохоос гадна өдөр тутмын мэдээллийг www.montsame.mn цахим хаягаар уншиж танилцахыг хүсье.
"МОНЦАМЭ ДЭЭЖ-тэй хамтран ажиллаж, бичсэн нийтлэл, гэрэл зураг, санал бодол, захидлаа ч чөлөөтэй ирүүлж байна гэдэгт итгэж байна.
Шинэ эрч хүчээр шилдэг мэдээллийн төлөө хамтдаа зүтгэе.


МОНЦАМЭ агентлагийн дарга С.Алтанцэцэг  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш