logo
Засгийн газрын шугамаар гадаадад суралцахыг хүсвэл

Засгийн газрын шугамаар гадаадад суралцахыг хүсвэл

2012/08/28
БШУЯ-наас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд гадаад суралцах уралдаант шалгаруулалтанд орохыг хүссэн иргэдийг 9 дүгээр сарын 5-наас 9-ний өдрүүдийн 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхийн тулд бүрдүүлэх материалын тухай болон элсэн орох боломжит сургуулиудын жагсаалтыг БШУЯ-ны http://www.mecs.gov.mn/blog-17.mw цахим хандсанаар хандсанаар олж авах боломжтой.
Шалгаруулалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрийн 15:00 цагаас МУИС-ийн нэгдүгээр байранд зохион байгуулж, дүнг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэх ажээ.
1997 оноос хэрэгжиж эхэлсэн сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жилд л гэхэд 117 хүнд Сургалтын төрийн сангийн зээл олгосон байна.
Харин хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаран иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.
Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид хариуцдаг. Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг ажээ.
Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.
Шалгаруулалтад 60-аас дээш оноо авсан оролцогчдыг Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах квотод багтаан мэргэжлийн чиглэл тус бүр онооны дарааллаар жагсаан тухайн чиглэл бүрт хамгийн өндөр оноо авсан 30 хүнийг шалгаруулна.
Я.Баяраа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш