logo

"Ардчилсан боловсрол Монголын өсвөр үеийнхний төлөө” сэдэвт ээлжит 15-р симпозиум эхэллээ

2012/08/28
Жил бүр уламжлал болгон НЗДТГ, Монголын сургуулиас гадуурх боловсролын “Санрайс” төв ба ХБНГУ-ын сургуулиас гадуурх боловсролын байгууллагуудын холбоо “AdB” нарын хамтран зохион байгуулдаг ардчилсан боловсролыг монголын өсвөр үеийнхэнд олгох, үүнд германы туршлага, практикийг нэвтрүүлэн уялдуулах зорилготой онол практикын сургалт болох 15-р симпозиум өнөөдөр НЗД-ын дэргэдэх хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн “Од” зусланд эхэллээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургалтад 80 гаруй төлөөлөгч хамрагдаж байгаагаас ХБНГУ-ын Залуучуудын Академийн 10 мэргэжилтэн багш хамтарч ажиллах юм. Өсвөр үеийнхэнд ардчилсан боловсролыг олгох дадлага туршлагыг сайжруулах зорилготой 16 жилийн хамтын ажиллагааны хүрээнд хот, орон нутгаас нийт 1500 гаруй нийгмийн ажилтан, герман хэл суралцаж буй өсвөр үеийнхний төлөөлөл хамрагдаад байна. Мөн тэдний 130 гаруй нь ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж амжжээ.
Энэ удаагийн симпозиум нь “Театрын сургалт”, “Өсвөр үеийнхий дунд үүссэн зөрчилдөөн маргааныг шийдвэрлэх” болон “Байгаль экологийн сургалт” гэсэн сэдвийн дор явагдах ба “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө газар, Монгол-Японы “Их цагаан хус” нийгэмлэг зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулалт, ХБНГУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
Эдгээр бүх байгуулага, агентлагуудын хамтын ажиллагааны хүрээнд Герман улсад дадлага сургалтад хамрагдсан суралцагч, төлөөлөгч нар нь орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан өөрсдийн ажлын байранд германы туршлагаар олон ажлуудыг түгээн дэлгэрүүлж, майхант зуслан, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх тэдний оролцоонд тулгуурласан загвар сургалтууд, сургалтын танхимуудыг нээж үр дүнтэй бодит ажлуудыг хийсээр байна. Ингэснээр монголын өсвөр үе, залуучуудын сургуулиас гадуурх боловсрол, нийгэмшлийн ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ба энэхүү сургалтад хамрагдах нийслэл болон хөдөө орон нутгийн нийгмийн ажилтан, хүүхэд залуучуудын төлөөлөгчдийн сонирхол, хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид нь тэмдэглэж байна.
Б.Идэрболд
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш