logo
Прокурор “зодсон” З.Баянсэлэнгэ ямар шалтгаар шүүх хурал хойшлуулах бол

Прокурор “зодсон” З.Баянсэлэнгэ ямар шалтгаар шүүх хурал хойшлуулах бол

2012/08/28
Албан үүргээ гүйцэтгэж явсан прокурорын биед халдаж, “зодсон” хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг маргааш шүүнэ. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард МАХН-ын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нартай бүлэглэж, Н.Энхбаярын туслах Б.Тулгын хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарыг “дарамталсан” билээ. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсай тэр дор нь хэвлэлийн бага хурал зарлаж, “зодуулсан” прокуророо өмөөрч, олны гайхширлыг төрүүлсэн юм.
Энэ хэргийг шүүх хурал энэ сарын 14-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгч тус бүр нэг өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэсэн үндэслэлээр хурлыг хойшлуулсан. Харин энэ удаа ямар арга хэрэглэж шүүх хурлыг хойшлуулах нь сонирхолтой байна. Учир нь МАХН-ынхан гэхээрээ л Н.Энхбаярын аргыг хэрэглэж, элдэв төрлийн шалтаг тоочиж шүүх хурлыг хойшлуулах бодлого баримталдаг бололтой.
Мэдээж З.Баянсэлэнгийн хувьд Н.Энхбаярт холбогдох хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдтэл шүүх хурлаа хойшлуулахыг хичээнэ. Энэ нь ч түүнд ашигтай. Хэрэв Н.Энхбаярт оноосон ялыг дараа дараагийн шатны шүүхээс хэрэгсэхгүй болгочихвол З.Баянсэлэнгэд ч хэргээс мултрах боломж гарч ирж мэдэх юм. Харин Н.Энхбаярын давж заалдах хурал болохоос өмнө З.Баянсэлэнгийн хэрэг таслагдчихвал мань хүн УИХ-ын гишүүнээс бууж, дээлээ нөмрөх нь дамжиггүй.
Улсын яллагчийн зүгээс З.Баянсэлэнгэ нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар ял төлөвлөөд буй. 230.1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.
Харин 245.1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш