logo
Самсунгийн хувьцааны үнэ унажээ

Самсунгийн хувьцааны үнэ унажээ

2012/08/28
Даваа гарагт Сөүлийн бирж дээр Samsung компанийн хувьцааны үнэ арилжаа эхлэх үед 7,7 хувиар унажээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр, энэ нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн том уналт болсон байна.

Хувьцааны үнэ нь ийнхүү эрс унасан нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу наймдугаар сарын 24-нд Калофорнийн Сан-Хосе хотын шүүх Өмнөд Солонгосын компани болон Apple компанийн хооронд үүссэн патентын маргааныг Apple компанийн талд шийдсэнтэй холбоотой юм.
Шүүхээс Samsung компани нь Apple компанийн "iPhone" смартфон болон "iPad" планшет компьютерыг бүтээхэд ашигласан технологийг хууль бусаар хуулбарласан гэж үзэн 1.05 тэрбум долларын нөхөн төлбөрийг "Аpple"-д төлөх шийдвэр гаргажээ. Харин Samsung-ийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

Apple компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Samsung компанийг шүүхэд өгч, 2,5 тэрбум нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Харин Өмнөд Солонгосын компани технологийг нь хууль бусаар ашигласан хэмээн "Аpple"-г буруутган 399 сая доллар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийг нь хүчингүй болгосон байна.
Америкийн шүүхээс шийдвэр гаргахаас хэдэн цагийн өмнө Сөүлийн шүүх тус хоёр компанийг хоёуланг нь патентын эрх зөрчсөн гэж үзэн Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт тоног төхөөрөмжүүдээ худалдаалахыг хязгаарлажээ. Мөн тус бүрт нь олон мянган долларын торгууль ногдуулсан байна.
Apple болон Samsung хоёрын патентын маргааныг таслах шүүх хурал Австрали, Их Британи гэх зэрэг хэд хэдэн улсын шүүхийн янз бүрийн шатанд үргэлжилсээр байгаа юм.

Тус хоёр компани нь смартфоны худалдаагаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд Өмнөд Солонгосын компанид дэлхийн зах зээлийн 35 хувь нь ногддог бол Америкийн компани 18 хувийг нь хянадаг ажээ.

Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш