logo
Өсвөрийн теннисчид Осака хотыг зорино

Өсвөрийн теннисчид Осака хотыг зорино

2012/08/29
Японы Осака хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд 12 хүртэлх насны өсвөр үеийн ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд 2012 өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон сонгон шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван теннисчид оролцох юм.
Монголын багийн ахлагчаар МШТХ-ны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, дасгалжуулагчаар Говь-Сүмбэр аймгийн багш Д.Ганбаатар ажиллахаар болжээ. Зүүн Азийн наадамд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Тайвань, Макао, Монгол зэрэг орны өсвөрийн шилдэг теннисчид өрсөлдөнө. Энэ тэмцээнээс дэлхийд тэргүүлж байдаг Хятад, БНСУ, Тайвань орны шилдэг теннисчид амжилтын гараагаа эхлүүлдэг. Манай улсын хувьд 1996 оноос тус тэмцээнд оролцож байна.
Зүүн Азийн өсвөрийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, хөвгүүдээс /12 хүртэлх нас/: Ч.Эрдэнэбаяр, А.Лхагвадорж, Н.Цэнд-Очир, Э.Билгүүн, Н.Тэмүүлэн, охидоос: Г.Марал-Эрдэнэ, М.Ундрам, Э.Цэцэг, Д.Хонгорзул, А.Оюунболд нар ур чадвараа сорихоор болжээ. Өсвөрийн теннисчдээс Ч.Эрдэнэбаяр, А.Лхагвадорж, Г.Марал-Эрдэнэ, М.Ундрам нар өнгөрсөн жил оролцож Ч.Эрдэнэбаярын шигшээ 16-д шалгарсан.
Манай өсвөрийн теннисчдийн амжилт сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд болсон "Азийн хүүхдүүд" олон улсын V спортын наадамд улсын аварга М.Дэлгэрмаа, О.Хүслэн, Г.Индраа нар оролцож ганцаарчилсан, хосын, холимог хосын төрлөөс гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Д.Өлзий

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш