logo
Грек улс хэмнэлтийн горимд шилжжээ

Грек улс хэмнэлтийн горимд шилжжээ

2012/08/29
Грекийн Ерөнхий сайд Антонис Самарас төсвийн зардлыг багасгах зорилгоор засгийн газрын албан хэрэгцээнд байгаа 3 нисэх онгоцны 2-ийг нь ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. 13 хүний суудалтай Бразилийн "Эмбраер" компанид үйлдвэрлэсэн тийрэлтэт онгоцыг худалдан борлуулж, орлогыг нь Грекийн армид шилжүүлнэ. 30 хүний суудалтай нөгөө онгоцыг нь тус улсын Агаарын цэргийн хүчинд шилжүүлэн өгөх бөгөөд нисгэгчдийг сургаж бэлтгэх, шархтнуудыг зөөхөд ашиглах юм. Ингэснээр цэргийн тээврийн нүсэр том онгоцуудыг ашиглахад гарч буй үрэлгэн зардлыг хэмнэх ажээ. Үлдсэн "Галфстрим" онгоц засгийн газрын мэдэлд байх боловч шаардлагатай тохиолдолд Цэргийн нисэх хүчний хэрэгцээнд ашиглуулснаар мөн дээрх зардлыг хэмнэх боломжтой.
Хатуу хэмнэлтийн бодлогын хүрээнд батлан хамгаалах зардлыг хоёр жил хагасын хугацаанд мэдэгдэхүйц бууруулах шийдвэрийг засгийн газар гаргасны дараа дээрх хоёр онгоцыг зарж борлуулах, цэргийн нисэх хүчинд шилжүүлэн өгөхөөр болсон байна.
Түүнээс гадна, олон улсын "зээлдэгч гурвал" болох Европын Холбоо, Олон улсын валютын сан, Европын Төвбанкнаас цагдаа, цэргийнхний авч байгаа тусгай нэмэгдэл цалинг танах болзлыг тавьсаар байгаа юм.
Зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа Ерөнхий сайд А.Самарас өөрийн тэргүүлдэг эвслийн засгийн газрын анхны хуралдаан дээр "сайд нарын зөвлөлийн гишүүдийн цалинг 30 хувиар бууруулна" гэж мэдэгджээ.
Түүнээс гадна, засгийн газрын гишүүд болон албан тушаалтнууд албаны автомашин унаж байгаа явдалд хязгаарлалт тогтоохыг Дотоод хэргийн сайдад даалгасан байна. Тэр ч байтугай, Ерөнхий сайд өөрийнхөө хамгаалалтын албаны орон тоог цомхотгож, 25 цагдааг Афины гудамжинд дэг журам сахиулах ажилд шилжүүлжээ. Түүнчлэн, парламентын гишүүд, Европын парламентын депутатууд, орон нутгийн засаг захиргааны тэргүүн нар болон бусад улстөрчдийн хамгаалалтад гардаг цагдаа нарын тоог 1 500-аар цөөрүүлж бусад газарт ажиллуулахаар болжээ.
Энэ бүх хэмнэлтийн арга хэмжээг авч байгаагийн учир нь Грекийн засгийн газар "зээлдэгч гурвал"-ын тавьж буй болзлыг биелүүлэн 2013-2014 онд нийт 11.5 тэрбум еврогийн төсвийн хэмнэлт гаргах үүрэг хүлээсэн байна.
Б.Адъяахүү  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш