logo
Японы олимпийн хороонд сануулга өгөв

Японы олимпийн хороонд сануулга өгөв

2012/08/29
Дүүгүүр шидэгч Кожи Мурафүшигийн Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ Тамирчдын зөвлөлд сонгогдохын төлөөх кампанит ажлын явцад Японы Үндэсний Олимпийн хороо /ҮОХ/ өөрийн улсын тамирчдад түүнийг дэмжихийг уриалсан гарын авлага тараажээ. Үүнтэй холбогдуулан ОУОХ Японы ҮОХ-нд сануулга өгсөн байна. Лондонгийн Олимпийн хүрэл медальт Мурафүши Тамирчдын зөвлөлд сонгогдоход хангалттай тооны санал аваад байсан боловч ОУОХ түүнийг сонгуулийн дүрмийг зөрчсөн хэмээн үзэж саналыг нь хүчингүй болгожээ. Энэ шийдвэрийг давж заалдаж байгаа Японы ҮОХ япон хэл дээр гаргасан гарын авлагадаа Мурафүшигийн төлөө саналаа өгөхийг ятгасан өгүүлбэр оруулсан байжээ.
ОУОХ-ны дүрэм ёсоор тус хорооноос зөвшөөрөөгүй гадаад хэлээр ямар нэгэн материал тараахыг хориглодог юм. Түүнчлэн сурталчилгааны материал тараах, бэлэг сэлт өгөх нь хориотой.
Японы ҮОХ тамирчдаасаа хэдэн зуун ширхэг гарын авлагыг хураан авч ОУОХ-нд тушаасан бөгөөд Мурафүшид авсан арга хэмжээгээ дахин хянаж үзэхийг хүссэн байна.
Мурафүши Тамирчдын зөвлөлд сонгогдох нь 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа Токио хотын хувьд илүү олон санал авахад нь түлхэц болох юм.
Б.Адъяахүү

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш