logo
Серн Аббасын үлэмж биет

Серн Аббасын үлэмж биет

2012/08/29
"The Cerne Abbas Giant" буюу Серн Аббасын үлэмж биет гэж нэрийдэж ирсэн энэ хачирхалтай эртний геоглиф зураг нь Британийн түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд одоог хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа билээ.
Геоглиф гэдэг нь газар дээр дүрслэгдсэн 4-өөс дээш метрийн урттай геометрийн дүрс эсвэл хээ угалз юм. Ихэнх геоглифүүд асар том хэмжээтэй байдаг учраас зөвхөн агаараас л харах боломжтой. Энэ төрлийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь Перугийн өмнөд хэсэгт оршдог Назкигийн зураг юм.
Харин нууцыг нь хараахан тайлж чадаагүй байгаа Серн Аббасын үлэмж биет, өөрөөр бас "Rude Man" буюу "Бүдүүлэг эр" гэдэг нэртэй геоглиф нь Английн Дорчестер гүнлигээс хойд зүгт оршдог Серн Аббас тосгоны ойролцоох довцогийн энгэрт байдаг ажээ.
55 м урт, 51 м-ийн өргөнтэй, шохойн чулуугаар тодотгож урласан, баруун гартаа 37 метр урт бороохой барьсан энэ үлэмж биет эрийн дүрсийг хөндийн эсрэг талаас эсвэл зөвхөн агаараас л харах боломжтой.
Аварга эрийн дүрсийг чухам хэдийд, хэн дүрсэлснийг тогтоож чадаагүй байгаа юм. Эртний судлаачид түүнийг саксоны бурхан тэнгэртэй холбон тайлбарладаг байсан боловч үүнийг нотлох ямар ч баримт одоогоор алга. Зарим эрдэмтэд эртний Ромын хүчирхэг баатар Геркулесийг дүрсэлсэн байж магадгүй гэж таамагладаг байна. 1996 онд хийсэн судалгаагаар, гартаа бороохой барьж, Немейн арслангийн арьсаар хийсэн нөмрөгийг гар дээрээ тохсон Гераклын дүртэй адилхан болохыг тогтоожээ.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш