logo
Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг шаардлагатай

Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг шаардлагатай

2012/08/29
Орон нутгийн хурлын тухай сонгуулийн хуулийн төслийг санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав тэргүүтэй удирдлагуудын өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Орон нутгийн хурлын тухай сонгуулийн хуулийн төсөл болоод ирэх арваннэгдүгээр сарын эхээр болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцлов. А.Бакей гишүүн “УИХ-ын ээлжит бус чуулганаар аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тов тодорхын зэрэгцээ төсвийн тодотгол хэлэлцэж сонгуулийн зардлын хэмжээг батална. Цаг хугацаа давчуу байгаа учир Орон нутгийн хурлын тухай сонгуулийн хуулийн төсөл, автоматжуулсан системээр санал авахад анхаарах асуудлуудад санал солилцох, сонгуулийн зардлын хэмжээг даруй тогтоох, шаардлагатай байна” гэв. СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлснээр бол орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад одоогийн байдлаар 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж. Түүнчлэн “УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураах ажил давхцана. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд автоматжуулсан системийг ашиглах, улмаар хяналтын тооллого явуулна гэвэл хууль, эрх зүйг бүрдүүлэх, нэр дэвшигчдийг яаралтай тодруулж саналын хуудас хэвлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх гээд нэн даруй шийдэх ажлууд байна” хэмээн Н.Лувсанжав дарга ярьж байв. СЕХ орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа аль болох зардал хэмнэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм байна. Гэхдээ аймаг, сум, дүүрэг бүрт өөр өөр нэр дэвшигчтэй учир саналын хуудас нь ялгавартай байх, тэдгээрт тохируулсан програмчлал хийх зэрэг техник ажиллагаануудад анхаарах хэрэгтэй байна гэдгийг СЕХ-ны дарга онцолж байсан.
УИХ-ын 2012 оны сонгуульд автоматжуулсан системийг ашигласан нь сонгууль шударга явах гол үндэс боллоо хэмээн төрийн бус байгууллагууд болоод олон улсын ажиглагч нар үзсэн хэмээн Р.Бурмаа гишүүн хэллээ. Тэрбээр “Орон нутгийн сонгуульд автоматжуулсан системийг ашиглахтай санал нийлэхгүй байгаа нам бий. Тиймээс ойрын хугацаанд саналын хуудасны загвар дээр туршилт явуулах боломж хэр байна вэ” хэмээн СЕХ-ын удирдлагуудаас асуусан. Н.Лувсанжав дарга “Автоматжуулсан систем ашиглан туршилтаар санал тоолох, улмаар сонгууль явагдсаны дараа хяналтын тооллого явуулах эсэхийг УИХ-ын тогтоолоор шийдэх хэрэгтэй. Ер нь автоматжуулсан систем ашиглалтын эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хяналтын тооллогыг нэг нам нь хийнэ гэдэг, нөгөө нь хийхгүй гэдэг, хяналтын тооллого хийх болоход хүсэлт гаргасан нам нь хаяад явахад, нөгөө нам нь хууль бус гэх жишээний хүндрэл өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа гарч байсан. Уг нь автоматжуулсан системд алдаа байгаа эсэхийг нотлох хяналтын хоёр ч тооллогыг сугалаагаар явуулсан. Ямар нэг зөрчил илрээгүй” гэсэн хариулт өглөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш