logo
Сирийн иргэд яагаад жагссаар байна вэ?

Сирийн иргэд яагаад жагссаар байна вэ?

2011/07/06
Сирийн засгийн газар бослогыг хүчээр дархаар оролдож байгаа хэдий ч  Сирийн иргэд жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Идэвхтнүүдийн хэлж байгаагаар Сирид гуравдугаар сарын дунд үеэс эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш 1.350 гаруй хүн амь үрэгджээ. Баасан гаригт Сирийн төв хэсгийн Хама хотод олон арван мянган хүн засгийн газрын эсрэг жагссаны дараа армийн цэргүүд тус хотын байшин барилгуудад нэгжлэг хийж, хүмүүсийг баривчилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Оршин суугчид цэргүүдийг саатуулах зорилгоор замуудыг хааж, дугуй шатаажээ. Цэргүүдийг ачсан 30 орчим автобус Хама хотод ирсэн, тэд хүмүүс рүү гал нээсэн тухай иргэд хэлсэн байна. Харин энэ зуур Хама хотыг бүсэлж байсан танкууд хойд хэсгийн суурингууд руу явсан нь хойд хэсэгт дахин зөрчил мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа юм.  Харин ням гаригт Дамаск хотод жагссан иргэдийг буудан хөнөөсөн тухай мэдээ иржээ. Хүний эрхийн идэвхтнүүдийн хэлж байгаагаар нийслэл хотын захад байдаг Хажжар ал-Асвад гэдэг газар иргэдийг хөнөөж, баривчилгаа явуулсан байна. Сирийн засгийн газар дараагийн долоо хоногт хэлэлцээр явуулах саналтай байгаа хэдий ч сөрөг хүчнийхэн хүчирхийлэл эцэс болох хүртэл ямар нэг хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

Идэвхтнүүдийн хэлж байгаагаар Сирид гуравдугаар сарын дунд үеэс эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш 1.350 гаруй хүн амь үрэгдэж, аюулгүйн хүчний  350 орчим албан хаагч амиа алдсан байна.     Хама хот руу дайран орсон цэргүүд өглөөгүүр 20 гаруй хүнийг баривчилсан тухай Сирийн хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Баасан гаригт энэ хотод ерөнхийлөгч Ассадын дэглэмийн эсрэг хамгийн том жагсаалуудын нэг болсон юм.  Харин маргааш өдөр нь Ассад хотын дарга Ахмад Халед Абдел Азизыг жагсаал цуглааныг хориглож чадаагүй  хэмээн ажлаас нь халсан байна. Лалын ахан дүүс бүлэг 1982 онд Хама хотод одоогийн ерөнхийлөгч Ассадын эцэг Хафезын эсрэг жагсаал хийж байсан юм. Тухайн үед цэрэг арми жагсаалыг нухчин дарах үеэр 10 мянга орчим хүн амь үрэгдсэн түүхтэй. Өчигдөр Хама хотыг бүсэлж байсан танкууд болон хуягт машинууд хойд хэсгийн Идлиб муж руу явсан тухай идэвхтнүүд мэдээлжээ. Энэ нь тус мужид нөөхцөл байдал хурцдах вий гэсэн айдас болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Учир нь Сирийн цэрэг арми саяхан хойд хэсгийн мужуудад болсон жагсаалын үеэр иргэдийн эсрэг хүч хэрэглэснээс болж олон хүн амь үрэгдсэн гэж үзэж мэдээлж байгаа юм. Засгийн газрын цэргүүд Жиср ал-Шугур хот руу халдсаны дараа 10 мянга гаруй хүн хөрш зэргэлдээ Турк улс руу дүрвэжээ. Туркийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар одоо 9.300 хүн хил орчмын дүрвэгсдийн хуаранд хоног төөрүүлж байгаа юм байна.     Идэвхтнүүдийн хэлж байгаагаар одоо Сирийн арми Идлиб мужийн Кафр Нуббул, Кафр Роума хотод үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа гэнэ. Өчигдөр өглөө эдгээр хотуудад цэргүүд гал нээх үеэр зургаан хүн шархаджээ. Ийнхүү Сирийн засгийн газар бослогыг дарахын тулд цэрэг армиа хөдөлгөж, олон хүний аминд хүрч байгаа хэдий ч жагсаал цуглаан намжих шинжгүй байна. Энэхүү бослого нь ерөнхийлөгч Ассадын гэр бүлийн Сирид тогтоосон 40 жилийн ноёрхлыг хамгийн ихээр ганхуулж байгаа юм. Он гарсаар Хойд Африк, Арабын зарим орнуудад бослого гарч эхэлсэн. Энгийн иргэд нэгдэн жагсч, дарангуйлагчдыг түлхэн унагааж эхэлсэн нь Сирийн иргэд бослого гаргахад нэг түлхэц болж өгсөн юм. "Арабын хавар" гэж нэрлэгдээд байгаа бослого үймээн гарах болсон гол шалтгаан нь дарангуйлагчдын олон жилийн дэглэм, ажилгүйдэл, ядуурал юм. Түүнчлэн Facebook, Twitter тэргүүтэй сайтууд бослого гаргасан иргэд хоорондоо холбоо барьж, нэг нэгнээ уриалан дуудахад ихээхэн "үүрэг" гүйцэтгэсэн билээ. Ийнхүү хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг ардчиллын үнэ цэнийг мэдэрч, хуучин нийгмийн буруу булхайг ойлгосны үндсэн дээр эрх чөлөөнийхөө төлөө цусаа асгаруулсаар байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш